Жинхэнэ эрх чөлөө

image

 

Бид мэдээлэл асар хурдтай тархдаг хавтгай дэлхий ертөнцөд амьдарч байна. Бие хүний эрх, эрх чөлөө баталгаажихын хэрээр оюун санааны хувьсгал, нээлт, шинэ технологи ч бий болсоор байна. Цаашдаа ч хүн төрөлхтөн илүү гайхамшигтай, ашигтай болон гайтай зүйлсийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл хүмүүс бид түүхийн явцад дарлагдаж байсан гав гинжээ тас татсан билээ. Хүн төрөлхтний түүх бол бүхэлдээ хүн эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн түүх билээ. Гэтэл бодит байдалд эрх чөлөөтэй юм шиг хэрнээ эрх чөлөөнөөс татгалзах, өөрийн үнэт зүйл эрхэмнэлийг хамгаалж чадахгүй байдал нь хүний сэтгэл зүйд байдаг. Боолчлолд татагдах нь бидний оюун санаанд, сэтгэл зүйд байсаар байна. Хүний бүтээлч сэтгэлгээг устгаж байдаг боолчлол олон янзаар оршиж иржээ. Шашин, хаад ноёд, засаг төр зэргийг дурдаж болно. Боолчлогдох зам нь янз бүр. Хүчирхийллийн замаар боолчилж байсан фашист дэглэм, мухар сүсэг, ноомой байдлыг ашиглан итгэл бишрэлээр боолчилж байсан дундад зууныг дурдаж болно. Ардчилсан дэглэм тогтож хүний жам ёсны эрх, эрхэм чанарыг хамгаалж амьдралын утга учрыг нь баталгаажуулахыг зорьж байна.

Гэхдээ энд хүнийг боолчилж байдаг нэг хүчин зүйлийг дурдахгүй байхын аргагүй. Энэ эрх зүй, хувьсгалаар үлдэн таягдах боломжгүй оюун санааны боолчлол. Даяаршил газар авахын хэрээр нийгмийн харилцаа ч өргөжиж, харилцааны олон төрөл бий болсон. Хүн хооллохдоо, орондоо, бие засах газар, ганцаараа байх үедээ ч бусадтай харилцаанд орох боломжтой болсон. Хүн алхам тутамдаа бусдад ямар сэтгэгдэл төрүүлэхээ бодон тэлчигнэх болсон. Өөртөө хандах бусдын хандлагыг чухалчилдаг, тэрүүгээр өөрийгөө тодорхойлдог болчихсон. Өөрийн хувь хүний онцлог шинжээ алдах замаар нийгмийн зүгээс шаардаж байгаа тэр дүр төрхөд хувиран орох замыг сонгогчид. Энэ хандлага нь садист, мазохист, устган сүйтгэх хандлага зэргийн нэгэн адил жинхэнэ эрх чөлөөнөөс татгалзах хүний үйлдэл мөн. Ийм хүмүүс нийгэм маань шаардаж байгаа учраас гээд л өөрийн сэтгэл, оюун ухааны шийдвэрийг харгалзахгүйгээр өөрөө өөрийнхөөрөө байх боломжуудаа алдаж байгаа үйлдэл юм. Иймэрхүү хүмүүсийг гадаад орчныхоо өнгө төрхөд хувирагч хамелонуудтай зүйрлэж болно. Тэдний жинхэнэ өнгө төрхийг бид хэзээ ч мэдэж чаддаггүй тэр ногоон өнгөтэй ургамал дээр байвал ногоон болж, саарал өнгөтэй зүйл дээр очвол саарал болж хувирна. 

Мөн үүнийг Ч.Дарвины хувьслын онолыг явцууруулж зөвтгөх нь ч байдаг. Хэдий хүн орчиндоо дасан зохицох нь чухал ч гэлээ өөрийн гэсэн мөч чанараа умартан аялдан дагах нь робот шинжийг бий болгодог.
Нийгэмд иймэрхүү байдал даамжрах нь хүмүүсийг эгээ л робот адил болгон хувиргах аюултай юм. Робот бол ганцаардах, өөрийн хүчин мөхөс байдлаа ухамсарладаггүй, нэгэн бодлын амар мэт боловч хүн түүнд ямар программ суулгасан байна түүнийг л дагадаг идэвхгүй, нэгэн программчлагдсан схем юм. Эндээс харахад ганцаардал, өөрийн хүчин мөхөс байдлаасаа ангижрах нэгэн арга нь зүгээр л нийгмийн захиалгат автомат төхөөрөмж болох явдал ажээ. Тэгвэл хэзээ бид энэхүү арчаагүй байдлаа даван туулж эерэг эрх чөлөөтэй амьдрах болоцоотой вэ? 
Амьдралын дүр зургаа оюун ухаандаа дүрслэн буулгачихаад түүнийхээ төлөө шийдвэртэй алхамуудыг хийж, аливаад хариуцлагатай хандах нь хүнийг аз жаргалтай, сайн сайхан, эрх чөлөөтэй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бүхэн эерэг эрх чөлөөнд хүрэх зам юм. 
Эерэг эрх чөлөө гэдэг бол хувь хүн соёл болон нийгмийн төрөл бүрийн дарамтнаас өөрийнхөө нөөц бололцоог дайчлан, өөрийн онцлог байдал чадавхийг хөгжүүлэн өөрийн гэсэн онцлог шинжээ хадгалж үлдэх боломж билээ. Эрих Фромм хүний хөгжилд эерэг эрх чөлөөний асуудлыг онцлон авч үзэхдээ дээрхтэй төсөөтэй байр суурийг баримталсан бөгөөд эерэг эрх чөлөө нь аливаа хүн бусадтай тогтоосон холбоо харилцааагаа алдахгүйгээр тусгаар эрх чөлөөтэй давтагдашгүй онцлогтой байх боломж гэжээ. Өөрөөр хэлбэл, түүнийхээр хүн өөрийгөө ертөнцийн салшгүй нэг хэсэг гэж үзэхийн зэрэгцээ мөн ертөнцөөс хамааралгүй хувийн чөлөөт байдлаа мэдэрч байвал тэр нь эерэг эрх чөлөө мөн. Ер нь эерэг эрх чөлөө нь хувь хүн амьдралдаа өөрийнхөө сайн дураар идэвхитэй хандах, өөрийн авьяас чадварыг дээд зэргээр хөгжүүлэхийг шаардаж байдаг. Эндээс бид эерэг эрх чөлөөнд хэрхэн хүрэх вэ? Бид жинхэнэ эрх чөлөөтэй байж чадах уу? Ийм боломж бололцоо бидэнд байгаа юу гэсэн асуулт бидний өмнө тулгарах болно. Эдгээр асуултанд Э.Фромм боломжтой хэмээн хариулжээ. Үүний тулд бид дараахи зүйлийг хийх хэрэгтэй аж.

Үүнд: 
1. Аливаа хүнийг өөрийнхөөрөө байх бололцоог олгодог, нэн түрүүнд өөрийн гэсэн нэр төрөө хадгалах хамгийн наад захын боломжийг дур зоргоороо авирлах явдал олгодог хэмээн Э.Фромм үзсэн төдийгүй, хүн байгаль хоёрыг холбогч сэжим хэмээжээ. 
2. Эерэг эрх чөлөөнд хүрэх дараагийн алхам бол цочмог үйлдэл хэмээн Фромм үзсэн. Тэрээр үүнийгээ тодруулж урьд, хожид үзэгдээгүй сайхныг үзэх, удаан хугацаанд эрж хайснаа гэнэт олох, онцгой сонин гойдыг мэдрэх, ямар нэг шагнал хүртэх, хэн нэгнээс гэнэтийн бэлэг авах, эсвэл хэн нэгэнд сэтгэл алдах гээд бидний амьдралд цочир үйлдэл шаардсан баярт мөчүүд тохиолддог нь өөрийн “би”-г бүрэн дайчилж хүрээлэн буй ертөнцтэй холбогдож чадсанаараа ганцаардлаас ангижрах, амьдралд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, амьдралын утга учрын талаархи эргэлзээнээс салахад тус дөхөм болох юм хэмээжээ. Ер нь хүмүүс цочмог үйлдэл хийх тоолондоо гадаад орчинтойгоо нэгдэн нягтарч тэр бүрдээ өөрийн өнгө төрхөө улам бүр засдаг аж. 
3. Жинхэнэ хайрын утга учрыг ойлгосноороо хүн өөрийнхөөрөө байх боломжийг олоод зогсохгүй, бусдыг ч өөрийнхөөрөө байх боломжийг бүрдүүлж өгөх бөгөөд энэ нь эрх чөлөөнд хүрэх нэгэн алхам юм.

Би бол оюун санааны хувьд эрх чөлөөтэй, тусгаар тогтносон бие хүн. Бүх зүйлд нийцүүлэх, бүхэнд таалагдах гэхээс илүү өөрийн эрхэмнэлийг хадгалж, өөрийн үнэт зүйлийг бүтээх хэрэгтэй. Өнөөгийн нийгмийн төвөгтэй харилцаа бол яг л хар салхи адил. Хүн гэгч өчүүхэн амьтны үнэт зүйл, эрхэм чанар, эрх чөлөөг хаман одох аюултай зүйл. Эрх чөлөөнд суралцан, түүнд тэмүүлж өөрийгөө бүтээх нь амьдралын утга учир буюу.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga