Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Сошиал медиагаар эмэгтэйчүүдэд зориулсан гэгдэх онч мэргэн үгс, хэн нэгэн алдартны ярилцлагаас эшэлсэн үгс байнга л хөвөрч байдаг. Өнгөн харагдах хэсэгтээ эмэгтэйчүүдийг магтсан, ойлгосон, мэдэрсэн мэт санагдах ч ухаад бодоход “хэн нэгэнтэй харьцуулсан, үүрэг ногдуулсан” байх нь түгээмэл. Ёстой л горьдоо гаргахаар “чихрийн цаасанд боосон чулуу” шиг л. Тэдгээрийн заримаас дурдъя. / Аль нэг хүйст үүрэг буюу "дүр" ногдуулах нь гэр бүлийн гишүүдийн хэн, хэнд нь халтай
төдийгүй харилцан ойлголцол, хөгжих тэгш боломжийг хязгаарладаг тул "Орчин үеийн гэр бүл" энэ асуудалд онцгойлон анхаардаг болно./
1. Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Энэ үг их танил уншигдаж байгаа биз. Тийм ээ, Март-8-ны мэндчилгээнд ёстой улиг болтлоо явдаг эд л дээ. Утгыг нь харин бодоод үзье. Эмэгтэй хүн “зовлон дааж, зовсон нэгнийг жаргаах гэж” төрсөн болох нь ээ. Хэн ч “зовлон үзэх гэж, өөрөө зовсон хэрнээ л өөрийгөө зовлонгоос гэтэлгэхийн оронд өөр хэн нэг зовсон нэгнийг жаргаах” гэж төрөх ёсгүй. Бас энэ 4 мөрт дотор хоорондоо зөрчилтэй хэсэг ч байна. Өөрөө “зовлон дааж, өөрөөсөө бусад зовсон нэгнийг жаргаах” гэж төрсөн эмэгтэй яаж зоргоороо бас зол жаргалтай амьдрах юм бэ? Зоргоороо амьдрах гэдгийг ийн ойлгодог болоо юу? Энэ орчлонд зовох гэж төрснийг ингэтэл нь тод томруун үүрэгдсэн шүлгийг Март-8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээнд зориулж болох уу даа smile emoticon
2. Бүүвэйн дуугаар үрээ тайвшруулдаг
Бүлээн цайгаар түмнээ ундаалдаг
Цагаан сүүний цацлаар орчлонг аргаддаг
Цадиггүй гэнэн нөхрөө хатан ухаанаар жолооддог...
Аанай л гоё, уран үгээр эмэгтэй хүний үүргийг тодорхойлсон мөрт. Эхний 3 мөр бол манай уламжлалт “магтаал”. Нэг тийм “өндөр ээж”-ийн дүрслэл. Үүнийг орхиё. Харин хамгийн сүүлийн мөрийг л “чимхээд авмаар” санагдаад байгаа юм. Нөхөр гэдэг нь заавал цадиггүй, гэнэн байдаг ч юм шиг, цадиггүй гэнэн нөхрөө жолоодож чадах ухааныг “хатан ухаан” гэдэг ч юм шиг
. Мэдээж хэрэг, хамаагүй өргөн ойлголт гэж няцаах байх. Гэхдээ л ийм ойлголт төрүүлдгийг нуух юун. Ер нь манайд түгээмэл байдаг сэтгэл зүйчийн зөвлөгөө энэ л дээ. Эр хүн бол угаасаа цадиггүй, “явдалтай” байдаг гэдгийг теором мэтээр хүлээн зөвшөөрч, үүнийг нь эхнэр та л тэс, тэвч, таны өөртөө арчаагүй, ууртай, үглээгээс болж нөхөр чинь дайжиж байна. Та л “хатан ухаан” гаргаатахвал цаадах чинь “жолоодуулна” гэж зөвлөдөг. Уул нь бол хосууд нэгнээ хүндэлж, хайрлаж, итгэх тухай зөвлөвөл, тэр нь гэр бүлд хэрэгжиж чадвал хэн нэгэн нь “хатан ухаан” гаргах гэж зовж байхаасаа хамаагүй илүү жаргалтай амьдрана даа.
3. Сайхан хүүхэн байхаас сайн ээж байх нь илүү гайхамшигтай гэж боддог. Өнөөдөр та ээж болохын тулд өвдөж, зовж, таргалж байж болох ч, ээж болсныхоо дараа хүүхдээ асарч үеийн бүсгүйчүүдээсээ хоцорч байгаа мэт санагдавч өөрийнхөө хийх ёстой хамгийн том үүргийг биелүүлж, хамгийн чухал хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ бол юугаар ч үнэлэшгүй том амжилт...
Энэ бол ойрын өдрүүдэд Фэйсбүүкээр тархаад байгаа бас нэг онч өгүүлбэр. Тийм ээ, ээж байх сайхан, тэр хирээрээ тун ч хүнд хөдөлмөр. Энэ хөдөлмөрийг үнэлдэг, хүндэлдэг болсон нь юутай сайхан. Гэхдээ, байзаарай.
Нэгт, заавал “сайн ээж байх”-ыг “сайхан хүүхэн байх”-тай харьцуулах ёстой юу? Манайхны нэгийг нь магтах гэхдээ нөгөөг нь муутгадаг зан харагдана. Ээж байхын сайхныг магтах гэхдээ хүүхэдгүй байх үеийг дорд үзэх хэрэггүй
. Хүний амьдралын мөчлөг бүр сайхан. Ганц бие байх сайхан, хүүхэдгүй байх сайхан, дараа нь хүнтэй гэрлэх сайхан, хүүхэдтэй болох ч сайхан. Тухайн мөч бүртээ өөр, өөрийн онцлогтой хүний амьдралын хором мөчүүдийг хооронд нь харьцуулах ёсгүй.
Хоёрт, дараах хэсэг анхаарал татна. “...үеийнхнээ бүсгүйчүүдээс хоцорч байгаа мэт...”. Эрчүүдтэй ч харьцуулж болох атал яагаад заавал бүсгүйчүүдтэй харьцуулах ёстой гэж. Бүсгүйчүүд бүсгүйчүүдтэйгээ л өрсөлдөнө, эрчүүд бол биднээс “тохой өндөр” гэсэн хандлагын илрэл биш гэж үү.
Гуравт, “ээж болохын тулд” гэх шалтгаан нь таргалалтыг нь зөвтгөнө. Ээж болоогүй хэрнээ тарган эмэгтэйчүүд харин яах вэ? Юмс хийгээд нөхцөл байдлын заавал шалтгааныг нь үнэлж, цэгнэж байж үнэ цэнэ оруулдаг хандлага аюултай. Шалтгааныг нь хооронд нь харьцуулаад эхлэхээр л хүний зовлон, жаргалыг ялгадаг, шүүдэг байдал үүсдэг. Үүний тод томруун жишээ нь, шөнө гудамжинд хүчиндүүлсэн эмэгтэйг хамгаалахынхаа оронд “яахаараа шөнө дунд ганцаараа явж байсан юм, өөрийнх нь буруу” гэж шүүмжилцгээж, шалтгааныг нь шалгаана. Оронд нь шөнө дунд ч эмэгтэй хүн аюулгүй явж болох орчин, нөхцөл шаардах ёстой байтал...
Дөрөвт, “...өөрийнхөө хийх ёстой хамгийн том үүргийг биелүүлж, хамгийн чухал хөрөнгө оруулалтыг хийсэн...” Мэдээж өөрөөсөө хүн төрүүлэх гайхамшигтай. Гэхдээ энэ нь үнэхээр эмэгтэй хүний “хамгийн том, чухал” ажил заавал мөн байх албатай юу? Ингэснээрээ хүүхэд төрүүлээгүй (шалтгаан юу ч байж болно, өөрөө хүсдэггүй, өөрөө хүсдэг ч боломжгүй гэх мэт) эмэгтэйчүүдийг буруутгана уу? Хүн бүрийн үнэт зүйлийн баримжаанаас хамаарч “хамгийн чухал үүрэг, хөрөнгө оруулалт”-ын талаарх ойлголт ч ялгаатай.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
шүүмжийг шүүмжлэхийг хүсвэл манай пэйжрүү нэвтрээрэй https://www.facebook.com/modernfamilymn/
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?