Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
Сургуулийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа. Гадаа сандал, хогийн савыг бараадаж энд тэнд хэдэн залуус тамхилж зогсоно.
Дөрвөн зүгт машин бөглөрч, цагаан шороо босно. Зуны лүгхийм халуун нар дээрээс шарж, ядруу оюутны сэтгэлийг бухимдуулна.
Сургуулийн хаяагаар тамхины иш үргэлжилнэ. Үүгээр түүгээр хэдэн банди нар охидтой хөөцөлдөн давхина.
Үйлчлэгч авгай үүдэнд зогсон бидний үе ийм байгаагүй гэж буруу зөв чалчих ба эрхлэгч Намжил гаднаас ирж дүрэм журам гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Гагцхүү өглөө арай ядан босч сургуульд ирэн, үдэш гэрт орж унтсаар залуу насыг барна.
Хуучин хүү машиныхаа хөгжмийг чарлуулсаар хүрч ирэв. Хар шил зүүн, үсээ гелджээ. Ёроолд нь ганц хоёр хоосон дэвтэр бал шидсэн цүнхээ барьсаар буув.
Тав хийтэл машинаасаа буун, хап хийтэл хаалгаа хаагаад, шүлсээ хаялсаар сургууль руугаа оров. “Баагий хуулж байгаад баригдсан, Хүрлээ шалгалтаа өгөөгүй. Оч сургуулиа хаяж байгаа, Сараа Америкт ажиллахаар явах гэнэ” гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ангийн хүүхдүүддээ сонин болгон ярьж, тэнхмийн эрхлэгч явж байна гэж доогуур харан, захирал багш хэмээн дорой дугарсаар ангиа олж хамгийн арын ширээнд сууна. Хичээл дуусахаар цайны газар орж юм олж идээд, тэндээс гарч найзуудтай гадуур явсаар нэгэн үдийг өнгөрүүлнэ. Хуучин ангийнхантай нийлж шоудаад нэгэн үдшийг дуусгана.
Хэдийгээр ухаан сэргэлэн боловч олигтой хичээлд шамдсангүй, олимпиад уралдаанд ч орсонгүй. Зөвхөн өдөр бүрийн гэрийн даалгавар, шалгалт энэхэн тэрхэнийг аргалсаар өдийг хүрчээ.
Нас хэдий залуу боловч эцэг эхэд эрхэлсээр ухаан биеийг тордож эс чаджээ. Эцэг эхийн мөнгөөр туйлж, гадуур дотуур тэнэж, охид залуустай зугаацаж явсаар олигтой барьж авч сурсан юмгүй, өөрөө өөрийгөө чиглүүлэх замыг нэгэнт алджээ.
Зурагт, интернет энэ хоёрын мэдээнээс бус үнэн юмгүй, сургууль гэр РС барнаас өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хэвийн байдалд хүмүүжжээ.
Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ амьдралаар амьдрахыг үл хүснэ.
Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахин мэднэ.
Хүнд суртал, хээл хахуулийн гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд давтагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг хот улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аниж, чихээ бөглөн, сайхан амьдрал гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй ертөнцөөс хол хоосоор хоцроход тулжээ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий.
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь өөрчлөлтийн очийг асаах өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг хот улс сэргэх өдөр ирнэ.
Тэнгэрийн хаяанаас цаашхи улс гүрнээс ч илүүг хийж бүтээн, дөрвөн далай таван тивийн улс оронтой нөхөрлөж, шинэ ертөнц дээр хамт алхах зам нээгдэнэ.
Ядуу Монгол баян Монгол болно.
Хуучин хүү шинэ хүү болно.
Юутай завшаан, юутай баяр.
2014 он.