МӨНГӨ БИШ МӨС ҮҮРЭЭД Ч БОЛТУГАЙ ҮНЭНИЙ ТӨЛӨӨ МАЦ!

image

Хүсэл мөрөөдөлтэй, хүн сэтгэлтэй, байгал эхээ гэсэн халуун тэмүүлэлтэй нэгэн залуу байж. Тэр эх орон гэдгийг өндөр тушаалд хүрснээр л зүтгэж болдог алба гэж бодсонгүй. Тэр эх орон гэдгийг өнгө мөнгөөр солонгоруулж чинээрхэж олдог гэж бодсонгүй. Бусдын үхэлдэн дайрдаг нэр төр, ашиг хонжоо бол түүний хувьд ердөө хүсэл шуналдаа автсан нэгний азгүй мөчөөрхөл байж.

Эх орон бол түүний хувьд маш энгийн зүйл аж. Эцгээсээ өвлөсөн эх нутгаа хайрлах Монгол хүмүүжил нь түүнд өвөг дээдсийнх нь ноён нуруутай нь түшиж эх орноо бүтнээр нь хайрлах, түүний төлөө мятрашгүй тэмцэх зоригийг өгч.

Хөдөө хөхөрч, гадаа гандаж явахдаа тэр уран гоё үгийг урьтал болголгүй ханцуй шууж, хөлс дуслуулж, хүйтэн мөс тэврээд хэнхдэг цээжиндээ хүндэтсэн ачааг үүрээд уулын өөд уур савсуулан мацдаг байж.

Бас үнэний төлөө ч мацаж байж. Монголынхоо умард чинадад мэндэлж өссөн хүү, өмнөд онгон байгальд нь биеийн алжаалыг умартан эзэмшсэн мэргэжилдээ сэтгэлээ өгч, тэмүүлэл дүүрэн "өгсөж явж".

Өвөг дээдсийн мянга мянган жилд өрнөж мандаж, буурч гундаж ирсэн ч өөрийн гэх тусгаар тогтнолтойгоо үлдсэн төв азийн өндөрлөг эх орондоо тэр илүү ч үгүй, дутуу ч үгүй 27 жил 7 сар эр хүн шиг эр хүн байгаад буцаж. Зэрвэс харвал бөх барилддаг гэмээр, Гарьдмагнайд гардаг Далайцэрэн шиг гүдэс төлөв төрхтэй нэг тийм эгэлхэн бор залуу бидний дунд өөрийн гэсэн зорилготой, үйл хэрэгтэй амьдраад хүчирхэг түүхийн алтан өлгий Монголынхоо хөрсөнд шингэж ээ.

Түүний нэрийг хүн бүр мэддэг болжээ. Түүний эцэг эхээс заяасан бие эх орондоо шингэж амирласан ч, тэмүүлж байсан зориг нь, асаж байсан хүсэл нь ард түмэнд шударга байхын бамбар асааж өгөв.

Бидний дунд түүн шиг мянга мянган эх орончид эгэл даруухнаар аж төрдөг. Эх орноо бүтнээр нь ан амьтан, араатан жигүүртэн, зэрлэг онгон байгаль, ирээдүйн хөгжил дэвшил, хүн ардынх нь амар тайван амьдрал, ирээдүй үеийнх нь зол гэгээтэй нь түүн шиг бүтнээр нь хайрладаг Монголын маргааш өсөн торних болно.

Үгийг бодож унагах ёстой. Үйлийг тунгааж хийх учиртай. Аливааг сэтгэл хөдлөлөөр биш, учир зүй (логик), шалтгаант холбоосоор таних ёстой. Зарим хүмүүс хийсвэр хэлбэр хөөцөлдөж, юманд мөн чанараар биш мөнгө, чамирхлаар загвардаж байхад хэний хүү, юуны төлөө шударга ариун хөдөлмөрөөрөө, шазуур заан тэгж тэмцэж явсан юм бол доо хөөрхий.

Энэ бол залуу үед, шуудайд хийсэн үхрийн эвэр мэт, эвд нь цөв суун нэг шуугианаас нөгөө шуугианд, нэг дүйвээнээс нөгөө дүйвээнд хөлчүүрч нийгмээрээ найгах болсон бидэнд өгсөн том сануулга.

Хүн чанарыг хүн өөрөөрөө хэмждэг гэдгийг тэр харуулжээ. Эд агуурс, алба тушаал биш хүний халуун сэтгэл, ирмүүн тэмүүлэл хүнийг өөдрөг, тэмүүлэлтэй болгодгийг тэр харуулжээ.

Бүх зүйл шалтгаант холбоотой. Энэ залуугийн эндэл ч бас олон олон шалтгаант холбооны зангилаанд бий биз ээ. Хууль шүүхийнхэн хэргийг илрүүлэх нь тодорхой. Бид Монгол төрийн хууль ёсонд итгэж, найдаж урагш алхана. Шударга ёс бий гэдэгт итгэж түүний амь насаараа сольсон сургамжийг ойлгох юм.  

Хэрвээ дээрх эрэн сурвалжилсан нэвтрүүлгийг үзээгүй бол бид энэ залуугийн тухай ингэтлээ дотно мэдэж, түүний үйл хэргийн үнэн чанарыг танихгүй байх байсан. Хэрвээ энэ нэвтрүүлэг гараагүй байсан бол хэргийн явцад хууль хүчнийхэн өнөөдрийнх шиг өндөр авч шуурхай ажиллах байсан уу. Би энд хэн нэгнийг өмөөрөх эсвэл, буруутгах гэсэнгүй. Ямартаа ч монголын цагдаад нэг хүн ажилладаг биш ээ. Чухам нэг хэргийн дуулианаар нөгөөг халхалж мартдаг мулгуу хүмүүс тэнд байхгүй биз. Монгол төрийн цагдаа энэ хэргийг илрүүлнэ. “Энэ хэргийг улстөржүүлж байна шүү” гэж хэн нэгний нэрийг зааж туйлширч байгаа хүмүүс л харин өөрсдөө дэндүү гэмээр улс төржүүлж байгааг бэлхнээ харж байна.

Монголын төрд бүхэлдээ дүүрчихсэн тэнэг хүмүүс ажилдаггүй. Тэдэн дунд эх оронч, шударга ёсны төлөө олон олон жилийн зүтгэлээ зориулж байгаа үнэнч хүмүүс ч бий гэдэгт би гүнээ итгэдэг. Сайны зэрэгцээ саар үйлтэн ч бий байх. Гэвч энэ бүх талцал, олон хүний өгүүлэх өөр өөрийн шүүмж, таамналыг үл ажран залуухан тэмцэгч мөнх тэнгэрт оджээ.

Биедээ мэсний шархтай, сэтгэлдээ харууслын гунигтай одсон энэ хүүгийн мөрөөдөлд Монголд газар авсан бусармаг зүйл үнэнд дийлдэх юм шүү, тийм “муу хүмүүсийн үе улирна” гэдгийг өөрийн хоолойгоор зоригтойгоор гэрээслээд буцжээ.

Сайн үйл саарь мууг дийлсээр ирсэн учраас л хүн төрөлхтөн өдгөө хүртэл оршин тогтнож байгаа юм. Тиймээс шударга ёсны гэгээ энэ залуугийн хүсэл дээр тусаж, түүнийг хохироосон энэ хэргийн зангилаа илрэх ёстой. Түүний амь насаа золиослоод болов авч үлдсэн үнэн бол “эх орон нь элэг бүтэн” байх ёстой гэх итгэл байлаа.

Монголчууд минь бие биенээ бүү үзэн ядаач. Үзэн ядалт хар тахал мэт оюун тархинд үүрлэж, умаар муу ёрын үрийг халдааж, бидний замыг хөсөрдүүлнэ. Муугийн үндэс үйлийн үрээр эргэж тус хүнээ мөхөөнө.

Харин бие биенээ хүндэлж, хайрлаж, монгол хүний өмнө тохиосон бэрхшээл зовлон бүрийг хамтдаа давж, бидний оршиухүй, үнэт зүйлд заналхийлсэн бүхнийг шударга ёс, хүн чанар, ёс билэг, хууль шүүхийн хүчээр гэтлэн дарж байх ёстой.

Тэр шударга үнэний өөд мацаж яваад хальжээ. Түүний үйл хэргийг нэгэн цагийн хийрхэл болгож бүү орхи. Харин нэгэн насны ухаарал, нэгэн үндэстний эвийн хүч болгож өрд. Тэгвэл түүний хүсэл биелэнэ. Түүний хойч үед үлдээх сургамж бол "ҮНЭНИЙ ТӨЛӨӨ МАЦ". Мөнгө биш мөс тэврээд ч болтугай үнэний төлөө мац!

via Erdenebold Sukhbaatar

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%