Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
Толгой эргүүлсэн, том, хэлбэргүй контемпорари архитектурыг постмодернизмын бүтээлч, анхдагч архитектор Philip Johnson-ы бүтээлүүдтэй харьцуулахад эргэлзээтэй. Johnson 1932 оноос хойш өдийг хүртэл энэ ертөнцөд ажиллаж ирсэн хэдий ч 1940-өөд оныг хүртэл архитектурт суралцаж эхлээгүй (1950-аад онд мэргэжлийн тал дээр сайжрах хүртлээ мэргэшсэн шалгалтандаа тэнцэж чадаагүй л байв). New-York хотын Орчин Үеийн Урлагийн Музейд (MOMA - Museum of Modern Art) ажиллаж байх хугацаандаа "Интернэшнл Стил: 1922 оноос хойшхи Архитектур" номыг Henry-Russell Hitchcock-той хамтран гаргасан нь үндсэндээ тэсрэлт байлаа. МОМА-г хаагдсаны дараахан, 1932 онд нэгэн үзэсгэлэн Америкийн 13 хотуудаар тойрон аялав. Mies van der Rohe, Le Corbusier , J. J. P. Oud зэрэг европын чухал модернистуудыг aмерикчуудад танилцуулсан, үлгэр жишээ, маш чухал бөгөөд бүтээлч уг хүмүүнлэгийн үйлс нь зууны хамгийн нөлөөтэй архитектурын хөдөлгөөнийг адислаж (“The International Style” нь түүний найз нөхөд болон модернизмын талын өстөн дайснуудад нь хүртэл уриа болсон), 26 настай оюуны өндөр чадамжтай, зоригтой музейн эрхлэгчийг нэн даруй нээсэн юм.
1949 онд Johnson архитектурт суралцаж эхэлмэгцээ, Connecticut-ын New Canaan дах өөрийн эзэмшилдээ "Glass House"-ыг барьж, үүгээрээ архитектурын ертөнцөд асар том маргааныг дэгдээлээ. Mies van der Rohe-ийн тухайн үед баригдаж амжаагүй байсан дизайнаас санаа авч барьсан тансаг зэрэглэлийн амины сууц нь шал, хавтгай дээвэр, шалнаасаа тааз хүртэл шиллэсэн 4 хананаас бүтдэг. Ариун цэврийн өрөө болон камен зуухаа тоосгон цилиндр дотор багтаасан. Үүнээс гадна нэг шүүгээ, нэг тейк, Mies van der Rohe-гийн хэдэн тавилгууд, тэгээд л болоо. Frank Lloyd Wright барилгыг үзэхээр ирэхдээ "Энэ байшин Philip-ийнх үү? Энэ тэгээд архитектур уу? Үгүй л байх" гэж ёжилсон. Гэвч Philip Johnson-ы шинэ намтарт Franz Schulze-ийн тэмдэглэснээр "Glass House бол 20-р зууны хамгийн алдартай амины сууц
бөгөөд анхны харцаар энгийн нэг архитектурын бүтээл мэт хэрнээ зарим хүний нүдэнд бүр цадигаа алдсан хэтэрхий энгийн бүтээл юм" гэжээ.
1970, 1980-аад онуудад постмодернизм америк орон даяар тархаж эхлэх үед, Johnson Америкийн Нэгдсэн улсын хамгийн завгүй, өндөр түвшний архитектур болсон байсан. Түүний барилгууд Boston, New York, Atlanta, Minneapolis, Chicago, Houston, Dallas, San Francisco, Los Angeles зэрэг хотуудын үзэмжинд өнгө нэмэх болжээ. Мэргэжлийн хүрээний бүхий л гол шагнал гардуулах ёслолын ажиллагаануудад Johnson шагнал хүртэж байв. AT&T барилгад зориулж хийсэн, төдийлөн нэрд гараагүй дизайн нь 1979 онд олон нийтэд ил болж, түүний нэр алдар бүр архитектурын хүрээнээс давж хальсан. Johnson-ы царай "Time" сэтгүүлийн нүүрэнд гарч, цөөхөн хэдхэн архитектуруудад л хамаатай алдар нэрийн оргилд хүрчээ.
Энэ олон жилийн хугацаанд Johnson-ы нэр хүнд үргэлж муугаас сайн руу өөрчлөгдөж ирсэн юм. Mies van der Rohe-ийн залгамжлагч, МОМА-ийн архитектурын салбарыг үндэслэгч гэсэн мэдээжийн үнэн түүний хувьд холын мөрөөдөл байлаа. 1960-аад оноос хойш мэргэжлийн салбартаа хөгжиж эхэлсэн "шинэ" Philip Johnson 1982 онд өөрийн төслийн шүүмжид хариу өгөхдөө: "Би дүрэм журамд баригдах дургүй. Би бол янхан, өөрийн төлөвлөсөн өндөр барилгуудаас мөнгө сайн олдог"гэв. Уг мэдэгдэл ганц Johnson-ы барилгуудтай хамааралтай биш, харин хичнээн шалиг байх нь хамаагүй, архитектурын шинэ урсгалыг сайтар илэрхийлж чадах түүний дүрсгүй санаачлага. Franz Schulze-гийн бичсэн Philip Johnson-ы шинэ намтарт түүний карьерийг илүү нягталж харах боломжийг олгодог. Үүнээс гадна Chicago-гийн архитектурын талаар 2 ном бичсэн тэрбээр Philip Johnson-д нөлөөлсөн анхны архитектур болох Mies van der Rohe-гийн онцгой шүүмжлэлт намтарын зохиолч юм. 1985 онд Schulze-гийн хийсэн судалгааны гол амжилт нь Mies-ийн элегант боловч ойлгоход бэрх абстракт архитектурыг оюуны чадавхи болон түүхийн нөхцөл байдлын үүднээс нь тайлбарласан явдал байлаа. Тэрбээр ямар нэг хэв маягийг хүлээн зөвшөөрөхдөө ач холбогдлыг нь үнэлдэг хэдий ч шүүмжлэлтэй ханддаг. Mies-ийн шийдвэрлэж чадахгүй байсан гоо сайхны дахин давтагдашгүй, цэвэр тунгалаг байдлын суурь асуултуудыг зандлан шинжилсэн.
Schulze өөрийн "Philip Johnson: Амьдрал ба бүтээл" номондоо гайхалтай чадвараа харуулсан боловч эцсийн үр дүн нь Mies-ийн намтар шиг олон нийтэд нөлөөлж, бас сэнхрүүлж чадаагүй юм. Энэ нь Philip Johnson-ий Mies-ээс ч илүүтэйгээр субьектийн тодорхойгүй байдлыг гаргаж ирснээс болсон: Үргэлжийн өөрчлөгдөж, хөгжиж буй эстетикийн суурь санаануудыг нь тайлбарлах хэцүү. (Heraclitus түүний дуртай философич байсанд гайхах зүйлгүй.) "Өөрийн бүтээлүүдэд олон янзын стилтэй маск зүүлгэж үздэг, хувийн харилцаануудаа ч хачин жигтэй, уран зөгнөлт маягаар авч явдаг цор ганц алиа салбадай ба гоц хүн" гэж Schulze номынхоо өмнөх үгэнд тодорхойлсон. Түүний мэргэжилдээ өөрийгөө тууштай зориулсан байдал, үнэнч зан чанар, дэлхийн хэмжээнд суралцаж чадсан чадвар бол хийсэн бүх ажлыг нь амьдруулсан гол хүчин зүйлүүд гэдэг нь илэрхий юм.
Harvard-дад дээд боловсрол эзэмшсэн хуульч эцэг болон Wellesley-ийн язгууртан эх хоёрын дундаас 1906 оны 7-р сард гурав дах хүүхэд нь болж мэндэлжээ. Тухайн үеийн жишгээр Johnson-ы эцэг эх хожуу гэрлэсэн хосууд гэгддэг. Homer Johnson эхний хоёр эхнэрээ сүрьеэгээр алдсаны дараа 32 настай Louise Pope-тэй гэрлэжээ. Ингээд хосууд 4 хүүхэдтэй болов. Том хүү Alfred-ийг mastoiditis (агаар дутагдсанаас болж чих үрэвсдэг өвчин) өвчнөөр шаналж нас барахад "эрүүл байхын тулд хүйтэн ч хамаагүй цэвэр агаарт байнга гарах хэрэгтэй" гэсэн Johnson-ы гэр бүлийн хүчтэй үнэмшил бий болов. Энэ нь залуу Philip-ийг юугаар ч сольшгүй, хамгийн эрхэм нандин өмч хөрөнгө болгосон. Гэсэн хэдий ч тэрбээр энэ жирийн бус, хэт бөөцийлөгдсөн гэр бүлийн орчинд энхрий, зөөлөн, үлбэгэр болж хүмүүжсэнгүй. Philip эгч Theodate-тайгаа илүү ойр өсч, харин эцэг нь ихэнхдээ өөрийнхөө өрөө болон өөртөө хамааралтай газруудаар байж, хөндий хүйтэн харилцаатай өнгөрөөсөн. Johnson-ий удамд Philip анхны архитектур нь байгаагүй ба эхийн талаас Theodate Pope Riddle үеэл нь тодорхой хэмжээнд нэр хүндтэй архитектур болсон юм.
Johnson-ий гэр бүлийн хүүхдүүдэд Louise (гэрийн багш) сургуулийн өмнөх боловсролыг ихээхэн идэвх зүтгэлтэй өгсөн. Тэдэнд амьдралынх нь гол зорилго руу тодорхой үеүдэд, хэрхэн ямар арга барилаар, өндөр түвшинд өөрсдийгөө чиглүүлж сурах талаар анх ойлгуулж, гол санааг суулгаж чаджээ. Гэсэн хэдий ч Louise яг удирдлагатай онгоц шиг няхуур, маш тооцоотой хөдөлдөг, дотно биш ч сүр жавхлантай эх хүн байлаа. Philip-ийн хувьд багш гэхээс илүүтэй эх шиг нь хүн байсан.
Philip-ийн амьдарлын эхэн үе эрчимтэй боловч эмзэг, ихэнхдээ баяр баясгалангүй өнгөрөв. Түүний ээрэх согог нь огцом уур, ширүүн догшин зан гаргахад хүргэнэ. Биеэ авч явах байдал нь анзаарагдахуйц зөөлөн, ямба маягтай, бараг охин шиг. Спортод эв хавгүй, биеийн тамирийн хичээлд л үе үе идэвх гаргана. Залуу Philip ер нь ганцаараа өдрийн хоолоо идэж, ангийн хөвгүүддээ байнга шоглуулдаг байв. Магадгүй түүнийг анх удаа цочроосон, хүүхэд насны хамгийн онцгой үйл явдал нь дэлхийн 1-р дайны дараа Европ руу хийсэн аялал, сэтгэл хөдөлгөсөн нүд гялбам Парисын дугануудыг үзсэн явдал байсан. New York-ийн Hackley сургуулиас гарснаас хойш түүний хувьд бүх зүйл сайжирлаа. Гадаад хэл, уран зохиол, төгөлдөр хуур зэрэгт 3 жил суралцав. Нөгөө ичимхий Philip хамраа сөхсөн, өөртөө итгэлтэй хүүхэд болж, театрын бүтээлүүдэд, сургуулийн хэвлэлд, мэтгэлцэх багт хамгийн чухал гишүүн нь болсон байлаа. 1923 онд төгсөх үед нь "шилдэг сурагч"-д нэр дэвшүүлэв. Гэлээ ч гэсэн тэр ганцаардмал, хэр баргийн хүнтэй амархан найзалж чадаагүй. Энэ үеэс дөнгөж өөрийн ижил хүйстнээ сонирхох бэлгийн чиг хандлагыг ойлгож эхэлсэн боловч үлдсэн амьдарлын туршид туулж өнгөрүүлсэн эрээнтэй бараантай амьдрал руугаа хараахан ороогүй л байв.
Эцгийнхээ адилаар Harvard-д элссэний эхний жил эцэг нь уламжлал ёсоор өв залгамжлагчиддаа хөрөнгөө хуваарилах шийдвэр гаргалаа. Philip-ийн эгч нарт ахиухан үл хөдлөх хөрөнгө, харин Philip-д "Aluminum Company of America"-ийн хувьцаа оногдов. Нэг шөнийн дотор бүрэн утгаараа тусгаар тогтносон эр хүн болж хувирав. 1920 онд ALCOA-ийн хувьцааны ханш дээшлэх үед тэр эцгээсээ баян болж, хангалуун гэдэг тодорхойлолтоос "Саятан" буюу тухайн үеийн баян гэсэн тодорхойлолттой бүлэг рүү шилжив.
Philip-ийн гэнэтийн орлого давхар давхар аз завшаан дагуулсан. Найз нартаа санхүүгийн талаас өглөгч байсны ачаар МОМА-ийн цалингүй захирлын суудалд суусан ба сүүлд өөрийн архитектурын багийг санхүүгийн ямар ч хүндрэлгүй бүрдүүлсэн юм. Johnson Harvard-г нилээн түйвээж, бас сурах хугацаа нь удааширлаа. Сэтгэл мэдрэл нь муудсанаас болж сургуулиа 2 ч удаа орхих дээрээ тулж байв. (Schulze-ийн дурдсанаар “manic-depressive” байсан - депрэсээс болж сэтгэл санаа, бодох байдал, зан авирт ноцтой өөрчлөлт орох). Гэлээ ч гэсэн Harvard-д байх хугацаандаа амьдарлынхаа зүг чигийг маш сайн гаргаж чаджээ. Энэ бүх үйл явц амар бөгөөд хурдан биш байв. Грек болон Латин хэл судалж, өөрийнхөө карьерийг төгөлдөр хуурчаар төсөөлж байсан учраас төгөлдөр хуураар маш шаргуу хичээллэсэн. Гэхдээ гол хичээлээрээ философийг сонгож суралцсан байна. Алдартай философич Alfred North Whitehead тухайн үед Harvard-д ажиллаж таарсан бөгөөд Johnson түүний хичээлийн танхимын, бүр гэрийнх нь "тавилга" болох нь холгүй байв.
Зарим талаар сонирхол төрүүлэхүйц боловч сүүлд өөрийнхөө эстетикийн үзэл санаанд нэвтрүүлсэн "Зөв буруугийн тухай абсолют тайлбар, мөн онцгой хандлагаар хөөцөлдсөн мэдлэгийн тодорхойлолт" зэрэг Plato-ийн философийн ойлголтуудад гүнзгий автлаа. Гэвч энэ хандлага удаан үргэлжилсэнгүй. Johnson 1928 онд Plato-ийн философийг сонирхохоо больж, оронд нь релативизмийн онолыг, ялангуяа Friedrich Nietzsche-ийн урлагийн философи болон will to power (хүний амьдарлын гол утга учир бол амьдарлынхаа хамгийн том хүслийг биелүүлэхийн төлөөх хүч/тэмүүлэл гэсэн алдартай консепт) -ийг сонирхох болжээ. Richard Rorty мэтийн зарим контемпорари философчид Johnson-ийг "Plato-ийн агуу моралын үзэл санаа бол чөтгөрийнх" гэж зарлаж байна, Plato-ийн философийг хаях нь ердөө философийг хаяхтай ялгаагүй гэж тэд үзжээ. Эцсийн эцэст Johnson хэтэрхий тогтворгүй, хүлээцгүй, бүр өөрийн бодолдоо ч өнгөцхөн ханддаг байсан нь үнэн юм.
Johnson дүрслэх урлаг руу бүх анхаарлаа хандуулж эхэллээ. Edward M. M. Warburg, John Walker, Lincoln Kirstein зэрэг уран бүтээлчид "Контемпорари Урлагийн Нийгэмлэг" шинээр байгуулсан ба Johnson тэдний бүтээлээс оюун санааны хувьд ихээхэн таашаал авч байсан хэдий чхожуу танилцсан байдаг. Грекийн Parthenon-ийг 1928 онд үзэхээр аялсан нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Ингээд Wellesley-д Theodate-ийн төгсөлтийн баяр дээр очихдоо МОМА-ийн үүсгэн байгуулагч Alfred H. Barr, Jr.,-тай танилцсан өдөр амьдарлыг нь тэр чигт нь өөрчилсөн. 27 настай Barr-ын модерн урлагт дурлах сэтгэл жинхэнэ халдвартай өвчин байлаа. Johnson Harvard-д дүрслэх урлагийн 3 хичээл сонгосон, аль хэдийн 2 хичээлээ хаясан гээд гүйцээх ажлууд байсан ч Barr-тай урлагийн тухай маш их урам зоригтойгоор ярилцдагтаа нэгэнт автсан байв. Johnson Barr-аас зуны турш хийх Европын аялалдаа тусгайлан зааварчилгаа авч, Dessau дах Bauhaus, Stuttgart дах Weissenhof Siedlung-ийн орон сууцны хотхон зэрэг модернист архитектурын эхэн үеийн дурсгалуудтэй танилцав.
Дараагийн хэдэн жил их ажлууд ундарлаа. Johnson Америкт буцсаны дараа тогтмол New York руу Alfred Barr-тай уулзхаар очдог байв. Энэ хооронд Henry-Russell Hitchcock-той танилцан, "International Style architecture" номын төсөл дээр хамтран ажиллаж эхлэн, 1930 оны 4-р сард МОМА-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. 1931 онд "New York-ийн Архитектурын Холбоо" жил тутмын үзэсгэлэнгээ зохион байгуулж байх үеэр олон залуу чадварлаг архитектурууд үзэсгэлэнд оролцох боломжгүй болж гадна нь үлдлээ. Johnson, Barr хоёр Sixth Avenue-д талбай түрээсэлж, алдарт "Salon des Refusés of 1863"-ын (Зураач-Академичид Салон нэртэй үзэсгэлэнд шүүгчдийн шалгаруулалтад тэнцээгүй бүтээлүүдээр зохион байгуулсан үзэсгэлэн) зурган дээр "Гологдсон архитектурууд" гэж бичин үзэсгэлэн зохион байгуулав. Америк улсад анх удаа албан ёсоор International Style-ийг танилцуулах зорилготой гэдгээр тус үзэсгэлэн бүх гологдсон архитектуруудад дурсагдаж үлдэнэ гэж тэрбээр тайлбарласан. Johnson үүний дараа МОМА-ийн архитектурын хэсгийн захирлаар нилээд үр дүнтэй ажиллав. 1934 онд “Machine Art,” нэртэй, бүх төрлийн үйлдвэрт бүтээгдсэн зүйлсээр үзэсгэлэн зохион байгуулж, урьд өмнө нь Америкийн урлагийн музейд хэзээ ч үүн шиг шоу болж байсангүй хэмээн гайхагдаж байлаа.
Johnson-ий 1950-д оны бүтээлүүд олон нийтэд магтагдсан ч 1980-д оны "Lipstick Building" мэтийн постмодерн барилгууд нь энгийн гэхээсээ илүүтэй ямар ч консептгүй, харагдах байдлаараа хямдхан, уналтыг илүү илэрхийлсэн мэт сэтгэгдэл төрүүдэг. Mies-ийн хэлсэн нэгэн алдартай эшлэл бол: "Бид даваа гариг бүрийн өглөө цоо шинэ архитектур зохион бүтээдэггүй". Харин Johnson-ы хувьд тухайн мөчид францийн классицисмыг баримтлагч байснаа секунд ч алгасалгүй дундад зууны шилтгээн бүтээхыг хүснэ, ингээд дараагийн даваа гаригийн өглөө гэхэд умардын Ренессансыг зээлдэгч болж хувирна. Магадгүй дараа дараагийн даваа гаригуудад классик хэв маягийг эрэлхийлнэ, гэхдээ иймэрхүү хүчин чармайлт нь Palladio-с суралцсан байна уу Mies van der Rohe-с суралцсан ч байна уу хамаагүй, эцэст нь классицизмын эсрэг зогсож таардаг. Johnson-ий хайртай философич Nietzsche өөр нэгэн уран бүтээлчээс ажигласан шүүмжлэлдээ "үнэнээс үүдэн гарсан үр дүн нь өөрөө үнэн байж чадахгүй" гэсэн байдаг. Johnson 1960-д оны эхээр Лондонд өгсөн ярилцлагадаа, "Би төгсөх ангийн оюутан байхдаа архитектурын хичээлд суухын оронд философын хичээлд суусан. Магадгүй үүнээс болоод л одоо надад юу ч байхгүй байна. Ямар нэг зүйлийг хэн нэгэн хийх болсон талаар хувирашгүй логик үндэслэл байдаг гэдэгт итгэдэггүй."гэв. Энэ бол ичимхий бүрэг, эсвэл эрээ цээргүй масканд нуугдсан ердийн Johnson-лог байдал юм. Johnson-ий амжилтын түүхийн учрыг олох гэсэн хэн ч түүний оюун ухаан болон эрээ цээргүй зан хоёрын ер бусын нэгдлийг ойлгоход хэцүү. Тэр эргэн тойрондоо сэтгэл татам байдлыг түгээдэг, гэвч энэ нь түүний сэтгэлийн гүний гүн дэх харгислалыг нуусан сэтгэл татам байдал юм. Johnson өөрийгөө янхан гэж зарласан нь тэрхүү харгислалын илчлэлт. Эцгийгээ нас барсны дараахан өгсөн ярилцлагадаа "Аавийнхаа юу хүсдэг байсныг сонирхох өчүүхэн ч сонирхол алга" гэж хэлсэн байдаг. Эцэг эх хоёр нь түүний хувьд үнэ цэнэгүй. Johnson-ы гоо сайхныг хайрлах хайр л гагцхүү түүний хүн чанарыг харуулах гол утга учир, биелүүлэхийг тэмүүлсэн үүрэг даалгавар болсон. Гоо үзэсгэлэнг хайрлах түүний хайр бол гоо сайхныг таашаагчийн зөвхөн өөрийгөө хайрлах хүйтэн хайр юм. Түүний хувьд гоо сайхан байдал сонирхол татахуйц хурц шийдэлтэй байж гэмээнэ утгаараа байна. Үгүй гэвэл муу муухайд ч өөрийн гэсэн сэтгэл татам чанар байдаг
гэж үзсэн. Philip Johnson хэдэн жилийн өмнө Постмодернизмийг архитектурын түүхэнд инээдэм болсныг ажиглажээ. Тэр инээхээ болихгүй байв, гэвч харамсалтай нь түүний инээдэм бидний хувьд ханиадам юм.