Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр, биш ээ нөгөө нэг тийм аймар мангас байжээ. Сайн цаг ирж, мангасыг алаад манай талыг хамгаалаад зөндөө олон сайн хүмүүс гарч иржээ. Тэгэж гарч ирэхдээ тэд “Эрх чөлөө” гэж орилжээ. Ингээд харсан чинь хамтдаа эрх чөлөөтэй болсон хүмүүс нь бүүр нэг учраа олохгүй жаахан тэнэгдүү байгаа юм шиг санагдахаар нь нөгөөдүүлийн толгойг нь эргүүлж байгаад өөрөө жаахан илүү идмээр бодогджээ.
Тэгэнгуутаа хэлж гэнэ “Хөөе би чамайг аварсан юм чинь, тэгээд бид нар бас хамаагүй илүү ухаантай юм чинь бүх баялгийг чинь тэнцүү хуваагаад өгье” … Хувааж гарчээ, хэрэггүй муусайн балгас юм чинь би авчий, чихэрлэг амттай бурам юм чинь чи аваад бай гээд л хуваагаад байж гэнэ. Бурам яахав дээ ходоодоор ороод л хошногоор гараад дуусаж гэнэ, харин нөгөө хэдэн балгас чинь ордон болоод гадуураа хашаатай болчихсон хүн оруулахгүй чухам байх юм гэнэ.
Эхлээд нөгөө хуваадаг хүмүүс нь нэг л тал байснаа сүүлдаа манайх танайх гээд олон өнгөтэй болж гэнээ. Тэгснээ бид нар илүү хуваана намайг сонгооч гэж майлах болсон гэнэ. Тэд л энэ хорвоо дээр байгаа мэт бүх улсын гол дүрд тоглож бааж шээх, идэх уухаа хүртэл олонд гайхуулдаг болж түүнийг нь бөгсний алчуур болдог хэдэн сэтгүүл өнгөтөөр хэвлэж тараах юм гэнэ. Мангасын аманд байсан олон түмэн эрх чөлөөтэй болсоны ачаар дор дороо хөдөлмөр эрхэлцгээн тариа тарьж мал маллан дор дороо л хөөрхөн өөрийн гэсэн жаал жуухан юмтай болж гэнэ л дээ. Гэтэл багагүй хэсэг нь ам руу бэлэн хаяж өгдөг хоолонд донтон, гар хөлөө хөдөлгөхөөс залхууран будаанаас жижигхэн тархитай болж гэнээ.
Нэг л өдөр нөгөө хэдэн “Хуваадаг” нөхдүүд огт танигдахаа больж ард түмний олсон хэдэн төгрөгийг хурааж аваад өөрсдийгөө хамгаалдаг хамгаалалтын алба байгуулжээ. Тэднийг тэжээхгүй бол айлгадаг, үг дуугарвал чагнадаг, үйлдэл хийвэл жанчдаг болж гэнэ. Зүв зүгээр явж байхад нь хүртэл айлгаж зогсоогоод өөрсдөө өндөр сүйх тэрэг хөлөглөн өнгөрч явдаг болсон гэнэ ээ. Айж зогсох тэр хүмүүс дунд хүүхэд нь төрөх гээд яарч яваа залуу хүн байх юм гэнэ, эмнэлэгт хүргэгдэн сандарч яваа настай хүн ч байх л юм гэнэ. Гэтэл ердөө нөгөө хүмүүсийн “Явж өнгөрөх нь” илүү чухал юм гэнэ. Сүүлдээ бүр байж болохоо бүгдийг нь хуваагаад дууссан юм уу хулгай хийж иддэг болжээ. Хэн бүхний өмч гэж тайлбарласан газар доорхи баялгийг хэн ч идэж болно гэж буруу ойлгожээ. “Ээ уул нь ингэж болохгүй дээ” гэж хэлсэн хүнийг буудаж унагаагаад “Хэн нотлохын ?” гэж асуудаг болсон гэнэ. Нотлох хүмүүс нь нөгөө хэдэн хөлсний “Хувийн” хамгаалалтын алба учир айх аюулгүй бууддаг болжээ. Бүр болохгүй бол бүх сонингуудад мөнгө өгөөд “Өөрөө үхсэн гэнээ” гээд гудамжаар тараачихдаг болсон гэнэ. Угаасаа залхуу өдөр бүр өөрөө ажилладаг будаан тархитай хүмүүс түүнийг уншсан дороо бодлоо өөрчлөн “Өө тийн өөрөө үхсэн нь барагтай байх шүү, залуу хүн байж …” гэж халагладаг гэнэ шүү.
Ард түмэн уул нь шинэ зүйлийг хүсжээ, шинэ гэсэн болгоных нь ард нөгөө хэдэн луйварчид шатар тоглочихсон суудаг гэнэ шүү. Ингээд сүүлдээ тэд хамгийн анхныхаа мангасыг санаж үгүйлж эхлэж гэнэ. Тэр үед ядаж л гудамжинд хүн хөлдөж үхдэггүй байсан даа, тэр үед ядаж л хүүхэд хөгшидийг яргалдаггүй байсан даа, тэр үед ядаж л ЁРООЛГҮЙ ИДДЭГ ЦӨӨХӨН АМ байж дээ хэмээн халаглан сууж гэнэ
ээ.