Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн
Хамба лам Д.Чойжамц танаа
Сайн байна уу. Тавтай сайхан хаваржиж байна уу.
Эрхэм хамбатан таны энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилж байна. Түмэн олны мэлмийд толилуулж буй энэхүү захидлаар бурханы шашин болон таны нэр төр, ажил албанд ямар нэг сэв суулгах зорилгогүй бөгөөд гагцхүү Монгол түмнийхээ ёс зүй, хүмүүжил, хөгжил төлөвшил, тэдний алс ирээдүй хэтийн төлвийн талаар санаа зовинож таны үзэл бодлыг сонсохыг хүссэн билээ. Мөн Монголд бурханы шашныг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа олон арван лам хуврагуудад хүргэх гэсэн санаагаа таньд дайж байгааг минь болгооно уу.
Нэгэн зүйл: Өтгөсийн тавьсан сайны ерөөлөөр Монгол ороноо бурханы шашин гурав дахь удаагаа дахин дэлгэрээд цөөнгүй жилийн нүүр үзэж байна. Урьд урьдынхтай нь харьцуулбал энэ удаад Монголчууд бидний мэдлэг боловсрол, соёл, хүмүүжил, хөгжлийн түвшин тэс өөр болсон цаг үед тохиосны зэрэгцээ үүнтэй давхцан олон үзэл бодол, шашин, соёлын нөлөө, мэдлэг мэдээллийн маш арвин цутгалантай урсгалтай зэрэгцэж, түүнтэй өрсөлдөж өөрийн нөлөөллийн цар хүрээгээ тогтоон барих, улмаар сүсэгтэн олноо алдчихалгүй араасаа дагуулах, тэднийг гэгээрүүлэх шаардлага тулгарч байгааг ойлгож мэдэрч, санаа зовж үүнийг өгүүлэв.
Нэгэн зүйл: Далай ламын сургааль номоо айлдаж байгаа ерөнхий дүр төрх, хэв маяг, донж төлөвийг ажиглаж байхад ламтаны илтгэх урлагийн чадамж, энгийн даруу байдал, өөрийнхөө санааг товч тодорхой илэрхийлж түмэн хэлийн хүмүүст ойлгуулж чадаж байгаа байдал, тэдний сэтгэл зүрхийг татаж догдлуулж чадаж байгаа чадвар, телевиз хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах ур дүй зэргээс үлгэр авч маш их зүйлийг харж суралцаж болохоор байна.
Үүнтэй харьцуулбал хувь хүний эрх гэдэг талаас нь харж болох ч манай сүм хийдүүдийн хамбууд, нэр нөлөөтэй лам нар үнэтэй машин, утас, үнэтэй хөөрөг эд юмсаараа өрсөлдөж энд тэнд бизнес, улс төр ярьсан хүмүүс л байх юм. Яг л өнөө “Бяруу болоогүй байж бухын баасаар баана “ гэдэг шиг. Үүний цаана ард иргэд тэнийг аажмаар хүндлэхээ больж эхлэхтэй зэрэгцэн бурханы шашныг үнэлэх үнэлэмж бас буурч байгааг анхаараасай билээ.
Нэгэн зүйл: Би буддын шашинд маш их хүндэтгэлтэй ханддаг хүний нэг. Гэхдээ Монголын сүм хийдүүдийн уншлага, хурал номоо хурж байгаа хэлбэр, сүсэгтэнүүдээ өөртөө татаж байгаа зан үйлд өөрчилөлт хийх цаг ирсэн байна даа хэмээн бодогддог. Учир нь буддын шашныг дамжуулж авсан азийн улс орнуудыг харж байхад тэд өөр өөрсдийн төрөлх хэл дээр хөрвүүлж, түүндээ үндэснийхээ зан заншил соёл уламжлалыг шингээж, баяжуулж, хөгжүүлж, нутагшуулж чадсан байх юм. Ингэлээ гээд тэд муудаагүй хүн зон нь амгалан тайван, улс орон нь хөгжингүй болж чадаж.
Гэтэл бид энэ шашныг түвдүүдээр дамжуулан тэдний хэлээр авч тэдний хөгжүүлсэн нэгэн салбар урсгалыг дагаж биширч бас үе үеийн мэргэд маань энэхүү хэл дээр бүтээл туурвилаа туурвиж ирсэн байх юм. Хүн амын дийлэнхи хэсэг маань энэхүү шашныг хүндэтгэн биширдэг атлаа манай улс төрчид, улмаар ард нийтийн зан ааш, хүмүүжил төлөвшил, ёс зүй, дэг жаяг улам л доголдоод бие биенээ, улс орноо хайрлах хамгаалах явдал өдөр ирэх тусам муудсаар л байна. Бид хүн төрөлхтөний бий болгосон хамгийн аугаа сургааль номлолын нэг, өөрсдийнхөө бишрээд байгаа Буддын сургаалыг ойлгохгүй, үл тоомсорлох байдлаар хандаад байх шиг. Энэ нь сургаальдаа бус түүнийг дамжуулж ашиглаж байгаа арга барилд байгаа болов уу хэмээн таамаглана.
Нэгэн зүйл: Монголчууд бид үеийн үед ухаантай хөвгүүдээрээ, эрдэмтэн мэргэдээрээ дутагдаж үзээгүй
ард түмэн. Одоо бол би дотороо түвдүүдэд атаархаж, өөрсдийгөө хараад, та бүхнийг хараад эмзэглэн эмгэнэн гашуудаж байна. Бид бурханы сургаалд мухар сүсэгээр хандаж, түүнийг огт мэдэхгүй өөр хэлээр сонсож, хэрэгтэй үедээ худалдаж авч болдог өчүүхэн ид шид мэт үздэг болж. Яагаад вэ. Үүнд хэн буруутай юм. Үүнийг хэн өөрчилөх ёстой юм. Би түвдийн ард түмнийг өрөвдөж, хайрладаг боловч тэд цаашдаа тусгаар улсаа байгуулж чадах болов уу яах бол хэмээн тээнэгэлзэж байна. Тэдний дархлаа, тэсэж үлдэх үнэт зүйл нь энэ шашин болох нь магад. Үүнийгээ ч тэд сайтар ухамсарлаж байгаа байх. Түвдийн ард түмний өмнө бид тэдний хэл, шашин соёлыг нь хадгалж тээж авч явах үүрэг хүлээгээгүй. Бид хангалттай тусалсан. Одоо өөрсдийгөө бодох цаг болсон мэт.
Монголын ард түмэнд, Монгол төрд , шашны зүтгэлтэнүүдэд үндэсний эрх ашиг гэж байдаг бол тэр нь, бидний улс мянга мянган жил туурга тусгаар улсаа тунхаглаглан зарлаж , төв азийн элгэн дээр ханаа шийрлэж, утаагаа уугиулж улсын дайтай улс, хүний энтэй хүн болж явах ёстой гэсэн цорын ганц үзэл санаан дор зангидагдах ёстой байх. Монгол газар шороон дээр өрнөж буй аливаа үйл явц, Монгол хэмээх нэрийг зүүж яваа бүх хүнд, Монголын төлөө гэсэн зүрх бүрт энэ хамаатай асуудал болов уу.
Нэгэн зүйл: Монгол хэмээх энэхүү их айлыг айлын дайтай айл болгоход, алаг үрсийг нь хүний дайтай хүн болгон хүмүүжүүлэхэд буддын шашны тус нэмэр их байх нь дамжиггүй. Будда өөрийнхөө сургаалийг умараас умардад түгэн дэлгэрэх болно хэмээн айлдсан гэсэн. Бид бас өөрсдийгөө номт гурван улсын нэг гэж өргөмжилдэг. Номоо уншиж чадахгүй бол түүний тус, номт улс хэмээгдэхийн учир юунд байв гэж.
Манай үе үеийн мэргэдүүд умардын шашин хэмээх нэрийн дор буддизмд шинэтгэл хийхийг, “МОНГОЛЧЛОХЫГ”
хичээн оролдож байсан хэмээн дуулсан. Бидний үрс өнөө биш ч маргааш эх болсон аялгуу сайхан Монгол хэлээрээ Буддын сургаалыг сонсож, хурал номонд нь даган баясах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Бид цаг үе он жилүүдээр бус харин хором хоромоор өөрчлөгддөг дэлхийд амьдарч байна. Энэ их урсгалтай хөл нийлүүлэхийн тулд та дотроо хоёрыг бодож нэгийг хийх цаг ирж. Монголын заяа их гэдэг. Хэзээ нэг цагт зайлшгүй хийх ёстой зүйлийг хойш тавилгүй өнөөдөр эхлүүлбэл яасан юм бэ.
Монголынхоо төлөө, шашныхаа төлөө таны манлайлал хэрэгтэй байна.
Хүндэтгэсэн: Д.Уламбаяр
/”Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН” номыг зохиогч/
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?