Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Өчигдөр Eagle tv-ээр БСШУЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр гэдэг хүн өөрийн баастай хутгалдсан нэрээ цэвэрлэх гэж ярилцлага өгч байна. Надад бол тэр хүний ямар шашин шүтдэг эсэх нь огтоос сонин биш. Учир нь би шашин шүтлэггүй хүн болохоор тэдгээрийн зөв бурууг ялгаж салгаж чадахгүй. Гагцхүү тэр хүн нийгмийн өмнө өндөр хариуцлагатай албыг хашиж байж худлаа ярьж олон нийтэд буруу мэдээлэл өгч байгаад эгдүү хүрч байна.
Шинэ засаг гараад дээд боловсролын шинэчлэл гэдэг зүйлийг хийж эхэлсэн. Энэ ажлын гол судсыг нь атгаж байгаа хүмүүсийн нэг нь яах аргагүй яамны газрын дарга, МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга Насанбаяр. МУИС дээр хийсэн шинэчлэл гэж яриад байгаа юм нь анхнаасаа жонхуу зуурч эхэлсэн, одоо тэр жонхуу нь улам л өтгөн болоод байна.
Бидний хийсэн боловсролын шинэчлэлээс хэн хохирсон юм, албан ёсны байгууллагад нэг ч гомдол ирээгүй, намайг зүгээр л гүтгээд байна гэж ирээд нүдээ цавчихгүй худлаа ярих хүнийг хараад өмнөөс нь ичиж үхлээ. Үнэндээ МУИС дээр хийж байгаа шинэчлэл анхнаасаа болохгүй байна даруй засаж янзлахгүй бол олон оюутан хохирох гэж байна, мөрөөрөө ажлаа хийж байгаа багш нар хохирч байна гээд багш нар 3-н жилийн өмнөөс өдөр болгон шахуу ярьж, хэлээд элдэв янзаар л үзсэн. Биднийг тоож ч үзээгүй шинэчлэл гэдэг гоё нэрээр халхавчлаад муйхарлан зүтгэсээр өдий болтол явуулсны үр дүнд дээд боловсролын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь алгадуулчхаад байж байна.
Бид яам, УИХ-ын байнгын хороо, төрийн албаны зөвлөл, мэргэжлийн хяналтын газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээд хандаж болох бүхий л албан ёсны байгууллагад хандаж байсан. Асуудлыг бие бие рүүгээ шилжүүлж, бөөрөнхийлж, хаацайлж, хуурсаар байгаад өдий хүрсэн. Сүүлдээ аргаа бараад яаман дээр нь очиж сайдынх нь үүдэнд гөлийтлөө хүлээж зогсож байгаад сайдтай нь уулзах гэтэл биднийг хүлээж аваагүй (бидэнд хэлэх үггүй учраас уулзаагүй). Нэг газрын даргатайгаа уулзуулсан. Бид тэр газрын даргад нөхцөл байдлыг тодорхой тайлбарлаж, хэд хоногийн дараа дэд сайдтай нь уулзсан. Дэд сайд нь асуудлыг даруй засаж ажил хэрэг болгох юм болоод байсан ч ажлаасаа чөлөөлөгдсөн.
Нэг удаа Насанбаяр дарга МУИС дээр ирж нөгөө сайхан худлаа үгээ хэлж, жигтэйхэн сайхан шинэчлэл хийж байна гээд бусад их дээд сургуулийн удирдлагуудын тархийг угааж өгч байна. Тэр хурал дээр нь би босоод хэлсэн. Та нар худлаа ярихаа болио, дотор нь ажиллаж байгаа хүний хувьд наад шинэчлэл чинь бөөн жонхуу болж байна
гэдгийг хэд хэдэн баримттай хэллээ. Хариуд нь Насанбаяр дарга намайг хуралд суух ёсгүй жирийн багш хүн орж ирсэн байна гэж ирээд нөгөө хэдэн дарга нараа тас өмөөрөөд хажууд бичлэг хийж байсан хүнийг загнаад болиулсан. Тэр хуралд суусан олон хүн гэрчилнэ дээ.
Өнөөдөр дээд боловсролын шинэчлэл нэрээр хийсэн ажлын үр дүнд МУИС-ийн сургалтын чанар доошилж, 10-н жилийн үнэгүй боловсролыг үнэтэй олгож байна
. Байгуулгын дотоод уур амьсгал хамт олон гэдэг ойлголт байхгүй болж, бөөн үл ойлголцол талцал үүдчихээд байна. Энэ бүхний золиосонд оюутнууд авах ёстой үйлчилгээгээ авч чадахгүй хохирч байна. Тэдний ард байгаа эцэг эх ар гэр хохирч, томоор харвал ард түмэн нийтээрээ хохирч байна.
Ер нь бол сайдтай, Насанбаяртай нь нүүр нүүрээрээ тулж сууж байгаад ямар жонхуу зуурчихаад байгааг баримтуудаа дэлгээд ярьмаар байна. Асуудлын гол нь тэд юу хийчихээд байгаагаа ойлгохгүй байгаад хамаг учир байж болох юм.
МУИС-ШУС физикийн тэнхимийн багш П. Түвшинтөр
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?