Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Өнөөгийн Монголын нийгмийн характер гэвэл ирээдүйдээ итгэх итгэлгүй, найдвар унтарсан, арга тасарсан, 25 жил худлаа нөхдүүдийг дагаж давхиад одоо гарцгүй мухардалд орсон хүн сүрэг болжээ бид. Одоо хэн л чангахан хашгирна, тийшээ хуйлраад давхихад бэлэн, хэнийг ч тасдаж хаяхад бэлэн. Ирээдүйгээс айх айдсаа дарах асар хүчтэй сэтгэл зүйн хэрэгцээ нийгэмд нэгэнт үүсчээ. Айсан амьтныг хүссэн зүгтээ үргээгээд туухад амархантай адил айсан хүн сүргийг хааш нь ч хуйлруулахад амархан. Гэтэл айдсын цаад шалтгааныг арилгахгүй бол олуулаа нийлж хэн нэгнээ барьж идээд тусыг эс олно. Айдсын шалтгаан нь нийгмийн сэтгэл зүйн гүнд суурилсан тул хэсэг хугацааны дараа дахиад л дээш хөвөн гарч ирэх болно. Тэр үед харин хэнийгээ барьж идэх бол ..
Хүн сүргийг ухамсарт нийгэмрүү боловсрол л хөтлөнө. Өнөөдрийн асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж ертөнцөд боловсролын салбар өөрөө мөн асар хурдацтай хөгжиж байж нийгмийн үүргээ биелүүлэх боломжтой болохоос хэн нэг албан тушаалтныг өөрчлөх үнэндээ л улангассан фейсбүүкчдийн загатнааг гаргах төдий.
Боловсролын шинэчлэл боловсролын тухай ойлголтоос эхлэх тул өнөөдөр гарч буй суурь өөрчлөлтүүдийг товч авч үзье.
Мэдээллийн олдоц буюу 1р ангийн хүүхэд ч интернетээс хэрэгтэй мэдээллээ олоод авч байна
15р зуунд Гутенберг хэвлэлийн машиныг нэвтрүүлснээр номын хэвлэх зардал эрс бууран, олдоц нэмэгдсэнээр жирийн ард иргэд ч ном унших боломжтой болсон. Ийнхүү Европд Соён гэгээрлийн эрин үе эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр компьютер, интернет, гар утас зэрэг нь цахим эрин үеийг эхлүүлж мэдээллийн олдоц эрс нэмэгдлээ. Ийнхүү цаг хугацаа, орон зай, орлогын ялгаа хүртэл зарим тохиолдолд арилж, интернет холбоостой, англи хэлтэй л бол дэлхийн элит сургуулиудын онлайн хичээлд хүртэл суух боломж нээгдсэн. Арван жилийн хүүхдүүд интернетээр өөрийн сонирхсон чиглэлээр бүх л төрлийн мэдээллийг авч, хүссэн зүйлээ суралцах боломжтой боллоо. Төрөл бүрийн хичээл төдийгүй, хөгжим, бүжиг гэх мэт маш олон төрлийн агуулгыг интернеттэй хүн бүр хоорондоо солилцох боломжтой болсон. Сургууль танхимд ч очих шаардлага зарим тохиолдолд үгүй болж байна. Сурч боловсрохыг хүсвэл хүссэн цагтааа, хүссэн газраасаа, хүссэн давтамжаараа сурах боломжтой төдийгүй хичээлийн агуулга, багш зэргээ өөрсдөө сонгож шийдэх боломжтой. Энэ их мэдээллийн далай дотор хүн төрөлхтөн умбаж байсан түүх үгүй.
Өмнө нь багш хүн маш ихийг сурч мэдсэн тул тэрхүү сурч мэдсэнээ сурагчиддаа заадаг байв. Гэтэл цахим эрин үед энэ загвар эрс өөрчлөгдөж, багш хүн зааж сургах биш харин энэ их мэдээллийн далай дотроос хэрэгтэй мэдээллийг шүүн авч, өөртөө мэдлэг болгож авах чадварт сургах чиглүүлэгч, зааварлагчийн үүрэгтэй болж эхэллээ. Энэхүү шинэ нөхцөлд байдалд дасан зохицох нь манай боловсролын нийт системийн өмнө тулгарч буй томоохон сорил болоод байна. Фойербахын асуусан шиг “Боловсруулагчдыг хэн боловсруулах вэ?” Гантөмөр сайд аа?
Үнэлгээний систем буюу “олимпиадын уралдааны морьд”
Мэдээллийн энэ эрин үед амжилтыг юугаар үнэлэх нь зүйтэй вэ? Хэр их зүйл мэдэж, тогтоож авсан эсэхээр нь үнэлэх үү, эсвэл ямар ч мэдээллийг шүүж олох, судлах, боловсруулах чадвар олж авсанаар нь үнэлэх үү гэдэг дараагийн логик асуулт урган гарч байна. Нэгэнт зөвхөн багшийн өгч буй мэдээлэл, мэдлэгээр хязгаарлагдахгүй онлайнаар маш олон эх сурвалжаас хязгааргүй их мэдээллийг авах боломжтой болсон тул үнэлгээний систем ч мөн адил шинэ нөхцөлд байдалд шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэх нь зүйтэй. “4С” зарчим буюу бүтээлч сэтгэлгээ, холбоо харилцаа, шүүмжтэйгээр бодох, хамтран ажиллах чадвар (Creativity, Communication, Critical Thinking, Collaboration) дээр нэмээд компьютертэй ажиллах чадвар, холбоо харилцаа (Computing, Connections) гэсэн чадваруудыг эзэмшүүлэх нь зүйтэй гэж судлаачид санал гаргах болсон. Тэгвэл эдгээр чадварыг заах багш нарыгаа эхлээд сургах асуудал урган гарч байна. Үүнд багшийг дахин сургах, мэргэжил дээшлүүлэхээс гадна багшийн ажлын үнэлэмжийн асуудал мөн тавигдана. Багшийн ажлын үр дүнг юугаар үнэлэх вэ? Сурагч, оюутнуудын дүнгээр үү, олимпиадын амжилтаар уу, эсвэл хөдөлмөр эрхлэлтээр үү? Эсвэл одоогийнх шиг олимпиадын медалийн тоогоор уу? Монголын үрсийг уралдааны морь шиг олимпиадуудад уралдуулж наадахаа хэзээ болих вэ, Гантөмөр сайд аа?
Боловсролын философи буюу “Монгол хүүхдийг Монгол хүн болгон төлөвшүүлэх”
Боловсролын чанар багшийн мэргэшсэн байдал, заах ур чадвар болон ёс суртахуун, үнэт зүйлсээс хамаарах тул Монголын боловсролын хөгжил нь үнэт зүйлсийг тодорхойлсон“...өөрийн өнгө аястай хөгжлийн философи буюу системийн хөгжлийн ерөнхий зураглалтай байхаас эхэлнэ.. гэсэнтэй яах аргагүй санал нэг байна. “Боловсролтой хүн боловсролтой Монгол хүн хоёрын ялгаа яг юундаа байх вэ?” гэдэг асуултыг эхлээд тавиач ээ, Монгол Улсын Боловсролын сайд аа!
Гадны сайн туршлагыг шууд хуулбарлан буулгах боломж хязгаарлагдмал. Учир нь “хүн нийгмээ байгаль, цаг агаарынхаа онцлогт тохируулан байгуулдаг, боловсрол нь тэр мэдлэг, туршлагыг уламжлуулдаг нийгмийн дэд систем...” тул монгол хүн, нийгэм, үнэт зүйлс зэрэг өргөн хүрээтэй судалгаанд суурилж монголын боловсролын философийг томъёолох, шинэчлэн боловсруулах шаардлага нүүр тулан ирлээ. Италиуд гуманизм, францууд рационализм, англичууд эмпиризм, германууд идеализмтай бол америкчууд прагматизмтай. Монголчууд бид харин...
“Өнөөдрийн сурагчдад өчигдөр бид хэрхэн заадаг байснаараа
заах гэвэл тэдний ирээдүйг хулгайлж буй хэрэг”
боловсролын реформатор, философич Жон Дюи
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?