МОНГОЛ УЛСАД ХУУЛИЙН ДАРАНГУЙЛАЛ АЛБАН ЁСООР ТОГТЛОО

image

Үүнийг эсэргүүцэх, эргэцүүлэх улс төрийн хүчин, ядаж хүн ч алга. Нэгэнт маш их мөнгөтэй л бол, яг одоо эрх мэдэлтэй л бол, тэгээд энэ 2 том намд харьяатай л бол сонгогдож болох тогтолцоог сонгууль болохоос сарын өмнө баталлаа. Тийм учраас бүх жижиг намууд, бие даагчид 2 нам руугаа хуваагдаж ороод дуусч байна.
Хоёр том намын баячууд өөрсдөө үндэсний хэмжээний бус харин жалга довын, тодруулж хэлбэл байгаа мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг хэдхэн хорооноос цацаад л гараад ирж болох тийм шударга бус байдлыг бүрдүүлж байгааг, иргэдийн маань сонголт, санал гээгдэж болох, тэд хүсээгүй хүмүүсээ сонгож болох тийм тогтолцооны хэв маяг руу хүчээр, хуулийн дарангуйллаар оруулж ирж буйг хараад дуугүй суувал нүгэл болох мэт санагдан үүнийг тэрлэж байна.
Одоо сонгуулийн улс төр биш, тохиролцооны улс төр л завгүй өрнөж байна. Энэ ард түмний хүсч буй хүсэл, тэдний эрх ашиг мөн юм уу? Ядаж байхад эмэгтэйчүүдийн квотоо 20 хувь болгож бууруулсан энэ увайгүй үйлдлийг юу гэж ойлгох вэ? Энэхүү дарангуйлал бол иргэд бидний үлбэгэр сул дорой байдалтай шууд холбоотой. Бидний иргэний ба улс төрийн эрхийн боловсрол, идэвх санаачлага хүчтэй байх хэрэгтэй байна. Бид ийм байвал энэ удаагийн сонгуулиар МАН ялж болох ёрын хувь тавилан биднийг угтаж мэднэ. Иргэдийн дунд нэг ийм яриа бий болсон байна лээ. "МАН идээд юу ч хийдэггүй, АН иддэг, гэхдээ хийдэг" гэж. Гэхдээ хүмүүс МАНАН-г хүсэхгүй байна гээд яриад байгаа хэрнээ МАНАН-аас өөр сонголт өгөх боломжгүй тийм сонгуулийн системийг эсэргүүцэхгүй, хүлцэнгүй хүлээн авч байгаа нь хамгийн том эмгэнэл. Хэдхэн хорооноос, хэдхэн сумаас бол чихэр боов зардаг, тендерийн зам тавьдаг, морь уралдуулдаг, мөнгө тараадаг гээд мөнгөтэй хүмүүс сонгогдох магадлал тун өндөр. Улс орны үндэсний хэмжээний бодлого ярьдаг, боловсруулдаг, хийдэг тийм хэмжээний потенциалтай хуульчид, эдийн засагчид, улс төрийн өндөр мэдлэг, философитой хүмүүс, нийгмийн манлайлагчид улс төрд орох ёстой. Ёс жудагтайнууд нь чимээгүйхэн салбар салбартаа юмаа хийгээд л даруухан алхана. Тэр хооронд нь чоно борооноор гэгчээр өөрсдийн бизнесээ өсгөх гэсэн бизнесменүүд шургалдаг манай систем тэдэнд улам ээлтэй боллоо. Эргээд хэн хохирдог вэ гэдэг асуултыг би тавих нь бүр илүүц биз.

Та бүхний маань улс төрийн идэвх санаачлага өндөр байхгүй бол юун ардчилсан, иргэний нийгэм ?

2016.05.09

via Ichinnorov Manjaa

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga