Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Хүмүүжил гэхээр бага болоод өсвөр насны хүүхдэд их хамааралтай санагдах. Хүүхдийг шив шинэхэн, цав цагаан цаастай зүйрлэж түүн дээр юу бичигдэнэ, тийм хүн болж төлөвшинө гэсэн санааг баруунд нэртэй сэтгэл зүйч John Watson (1878-1958) гаргасан гэдэг. Бодвол Мао Це Дун үүнийг ард түмэн болгож цаасан дээр юу ч бичиж болно гэж хэлсэн байж болох. Тэгэхээр хүүхдийг нийгэмдээ хэрэгтэй иргэн болгохын тулд тэр цаасан дээр юу бичих нь улс орны ирээдүйн хөгжил, бодлогын маш чухал асуудал болон хувирч байна. Эргэцүүлж бодвол аав, ээж гэр бүл бол анхдагч нь, дараа нь ясль, цэцэрлэг, сургууль хоёрдогч нь, дээр нь хамгийн чухал юм бол сурсан юм нь яаж хэрэгжиж байгааг харж ойлгож, үгэрлэн дууриах орчин гэж ойлгож байна. Намайг ер нь хэн, яаж хүмүүжүүлсэн юм бэ гээд нэг бодоорой гэсэн постод Nomin Nomin "би одоог хүртэл үүнд бүрэн дүүрэн хариулт өгч чаддагүй юмаа
" гэж бодууштай хэлжээ. Магадгүй энэ нийтлэг байх, хүний аав ээж хүүхдүүддээ үргэлж сайныг хүсэж зөвлөж сургах нь мэдээж, гэвч алдаж онодог нь амьдрал юм. Ясли, цэцэрлэг бол хүүхдэд хоол унд өгч, тоглуулж, саатуулж, ариун цэвэр сахиулж, бас дуу, шүлэг, бүжиг эд нар заахаас гадна тэр цаасан дээр яг юу бичиж үлдээх ёстой юм бол, хүүхэд эндээс хожим хойно санаж бодох, үлдэх ямар хүмүүжил авч гарах вэ гэдэг асуудал.
Цаашлаад сургуульд орлоо, бичиг үсэг гүйцэт тайлагдан ном уншиж, тоо бодож, шинжлэх ухаанд суралцах, зохион бүтээх, бие бялдраа хөгжүүлэх, спорт, урлаг, уран сайханд явах гээд олон юмны эхлэл энэ шатанд тавигдах ч бас л нөгөө цаасан дээр юу бичиж өгөх ёстой гэдэг асуудал. Тэгэхээр гэр бүл, ясли цэцэрлэг, сургууль гэсэн энэ 3 шатанд л хүн хүмүүжлээ олж авсан байх
ёстой мэт. Ийм хүмүүжил олж авна гэдэг түүх соёл, ёс заншил, уламжлалаа сайн мэддэг, сайн, муу үйл гэж юу болохыг ялгаж салгаж ойлгодог, юу хийж болох, болохгүйг мэддэг, нэг нэгнээ, бусдыг хүндэлж, зөв боловсон харилцаж чаддаг, ёс суртахуунтай, эх орондоо хайртай иргэд болох эхлэл нь тавигдаж байна. Их, дээд сургуульд сурсан, төгссөн боловсролтой хүнийг хүмүүжилтэй хүн гэж би хардаггүй юм аа гэж өмнө нэг бичиж байсан. Хүмүүжил бол боловсролоос үл хамaарч хүн бүрд төлөвшсөн байх ёстой зүйл
гэж л боддог. Энэ бол хөгжлийн гол үндэс гэж бодож байна. Харин тухайн систем ингэж чадаж байгаа эсэхийг хаана ч тэр энэ шатанд байгаа, энэ шатаар дамжаад гарч байгаа хүмүүсийн ааш зан, харилцаа, өөр хоорондоо харьцаж байгаа байдал, ажил үйлсээс төвөггүй харж болно. Манайд бодвол энэ тал дээр анхаардаг л байх, гэхдээ хараад хэлчих юм бага л ажиглагдах. Зарим нь ноднин зусланд амраад буцаж байгаа хөвгүүд, охид юу ярьж, дуулж байгаа, мөн охид хоорондоо зодолдож байгааг харуулсан арай ч дээ гэмээр нүүр улаймаар бичлэг үзсэн л байх.
За сүүлийн бөгөөд хамгийн чухал шат бол олж авсан хүмүүжилдээ итгэл үнэмшилтэй болох явдал. Энэ итгэл үнэмшлийг хүн амьдарч байгаа орчин, ахмад үеийн үлгэр дууриал, ялангуяа бусдаасаа илүү хэмээн гарч ирж төр, засгийн хариуцлагатай ажил хийж удирдаж байгаа хүмүүсээ харж олж авах байх. Өөрөөр хэлбэл тэдний үг яриа, ёс суртахуун, ажил үйлс зөвхөн өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахаас гадна тухайн нийгмийнхээ хүүхэд, залуусын хүмүүжилд онцгой ач холбогдолтой, тэдэнд сайн эсвэл муу нөлөө, үлгэр дууриалыг шууд үзүүлэх онцгой ач холбогдолтой. Жишээ нь УИХ-ын танхимдаа эх орноо гэж тангараг өргөн орж ирсэн хүмүүс маань ар нуруу руу чинь хутаг шаана, чи битгий хуцаад бай, худалч минь, хулгайч минь, урвагч минь гэх мэт үгийг чөлөөтэй нэг нэг рүүгээ шидэж, түүнийг нь улс орон даяар цацаж байгаа нь цагаахан цаасан дээр яаж буух бол гэж бодох л учиртай санагдана. Одоо ийм зохимжгүй муухай үг хэлэх бараг л "моод" болж байх шиг байна. Магадгүй зарим нь за юун сүртэй юм, Япон, Солонгост тэр байтугай зодолддог
гэж магадгүй. Харин тэр орнууд чинь нэг, хоёр, гуравдугаар шатанд хүүхдэд хүмүүжил гэдгийг жинхэнэ утгаар нь олгоод тэр цагаан цаасан дээр иймэрхүү юм бичигдэх зайгүй болгочихдог системтэй юм шиг байна лээ. Тийм системгүй нь янз бүрийн нөлөөнд ороод ихэнх нь улс төржөөд тэр нь гудамжиндаа гараад, хоорондоо талцаж маргаад, дайсан болоод урагшаа ч ахихгүй явж байгаа жишээ эргэн тойрон бас байна аа. Харин бид үүүнээс сургамж, санаа аваад цаг алдалгүй жаахан өөр л болмоор байна.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?