Биеийн тамирыг тамирдуулсан биеийн тамирын багш нар

image

Үеэл дүүтэйгээ хууч хөөрлөө. Тэр бас л биеийн тамирын хичээлд дургүй аж. Тэрээр нэг бус удаа бурханаас биеийн тамирын хичээлийг байхгүй болгож өгөөч гэж гуйж байсан удаатай. Би ч бас мөн тэгж байсан. Хэсэг балмагдав. Арай бид хоёрын цусанд биеийн тамирын хичээлийг үзэн яддаг ген байдаг юм биш биз дээ гэж бодоход хүрэв. Удмын байж магад. Гүүглэдэв. Одоохондоо тийм ген байдаггүй аж. Яасан хүмүүс гэхлээрээ...

Яг арван жилийн өмнө манайх Канад руу нүүсэн. Яг 10 жил төгсөх жилдээ. Аймаар өндөр хүүхдүүдийн дунд орох аймаар аймаар байв. Өнөөх биеийн тамирын хичээл нь бас л энд ордог аж. Үнэнийг хэлэхэд хойд насандаа эсвэл өөр гариг руу нүүвэл л энэ гайтай хичээлээс салах юм байна гэж бодож билээ. Ахиад л гүйж чаддаггүй, бөмбөг шидэж чадахгүй байна малаа гээд загнуулах байх даа бас бөөн гадныхны дэргэд гэж бодохоос өвдөг чичирнэ... Үхмээр санагдана.

Гэтэл биеийн тамирын багш яасан ч үгүй. Бөмбөг шидэж чаддаггүй гэж загнасангүй. Өнөөх мод шиг өндөр цагаанууд ч муу тоглож баг аллаа гэж гадуурхсангүй, харин ч чи сайн байна гээд л байлаа. Би ч урамшаад тоглоод л байлаа. Жилийн дараа би биеийн тамирын хичээлд дуртай болов. Хэдэн сарын дараа явган аялалд явдаг, шогшдог, гүйдэг боллоо, сагс хөлбөмбөгийн багт орж амжилт үзүүлэв. Хэн ч намайг албадаагүй, хэн ч намайг алгадаагүй. Би биеийн тамирын хичээлд дуртай болох нь тэр.

Тэнд очоод би өөрийгөө хамгийн сульдаатай байгаагаа анзаарсан юм. Тэндхийн хүүхдүүд эрүүл чийрэг бие хаатай, туранхай боловч сульдаатай биш, булчинлаг эрүүл жинтэй. Би гэж нэг сулбайсан юм. Тэд хэн ч албадаагүй байхад гүйнэ, дасгал хийнэ, элдэв спортоор хичээллэнэ. Би бол яаж ийгээд хөдлөхөөс цааргална. Тэд яавал эрүүл байхыг мэддэг, тэдэнд яаж эрүүл амьдрахыг заасан байлаа. Биеийн тамирын багш нь тэдэнд спортоор хичээллэхийн сайхныг мэдрүүлдэг бол надад Монголд би спортоор хичээллэх хүн биш болохыг заасан байлаа.

6-р анги: Биднээр бөмбөг шидүүлж шалгалт авлаа. Биеийн тамирын багш нэг л удаа яаж бөмбөг сагс руу шидэхийг заав. Мэдээж би буруу шиднэ. Намайг маш чанга алгадав учир нь би бөмбөг буруу шидсэн. Тэгэхдээ шарандаа дусал ч нулимс унагаасангүй. Манай ангийнхан бүгд айв, бүгд дотроо уурлав. Хэн ч юу ч хэлсэнгүй, хэн ч муу дүн авахыг хүссэнгүй. Ээж аавдаа ч хэлсэнгүй. Хэлсэн ч сургуулийн багш бүр намайг гадуурхана гэдгийг мэддэг байсан учраас... Тэрээр дугуйлан ажиллуулдаг, дүүрэгтээ нэр хүндтэй, залуудаа барилддаг байсан, бас коммунист үзэлтэй нэгэн. Одоо ч багш хийдэг. Дараа нь сонсохнээ нэлээд авъяаслаг хүүхдүүд түүний дугуйлангаас гарч хүсэл мөрөөдлөө орхисон байв. Тэр жижигхэн биенээсээ гарамгүй өндөр хоолойгоор бусад хүүхдүүдийн өмнө бусдыг загнадаг билээ. Одоо хэнийг загнаж байгааг бүү мэд.

7-р анги: Бас л өөр нэг багш. Өндөр махлаг, эмэгтэй багш. Манай ангийн охидууд хичээлд нь суухгүйн тулд хичнээн ч эмээ өвөөгөө үхүүлснийг санахгүй байна. Лав нэг охин миний мэдэхээр яг 17 удаа хамаатнуудаа үхүүлж билээ. Бас л муухай ааштай, хашхирна.

Нэг удаа биднийг жагсааж байгаад, бидний муухай үнэртэй бөгөөд заваан болохыг шүүмжилж билээ. Гэр хорооллын сургууль шүү дээ. Халуун усанд өдөр бүр орох бололцоо байхгүй бас өсвөр насны хүүхдүүд. Биеийн тамирын хичээл дээр хамгийн цэвэрхан хувцасладаг охин банди хоёрыг нэрлэж үлгэр жишээ авахыг сануулж билээ. Ядаж байхад тэр хоёр нь хоёулаа байранд амьдардаг хоёр хүүхэд нь байж таарсан. Бид бүгд л нүдэндээ нулимстай хоцорсон. Би өөрийгөө тийм халтар хувцастай, муухай үнэртэй гэдгээ тэр үед л мэдсэн юм. Олон нийтийн газарт явахдаа ичдэг болов.

8-р анги: Бас нэг өөр настай эмэгтэй багш. Зөвхөн хүчтэй, атаман банди нарт сагс тоглох боломж олддог байв. За сагсаа тогло гээд сүрэг нохойнд яс шидэж өгч байгаа юм шиг нэг ширхэг сагсны бөмбөг өгнө. Мэдээж атаман банди нар нь тоглож, номын хэд нь үлдэнэ. Номын хэд нь улам номын болсоор л... Тамирын багш хов ярихаар өрөө лүүгээ орно. Заримдаа биднийг шуугиж байна гэж загнана. Бүгд дуу гаргахгүй тоглох ёстой аж.

Тэрээр нэг удаа биднээс уран сайхны гимнастик гэж юу болохыг асуув. Би гараа өргөөд нөгөө үзүүлбэр үзүүлдэг гэв. Гэтэл буруу, чинийхээр бол стрюптиз үзүүлэх юм байна л даа гээд ёжтой инээгээд хэрэглэлтэй үзүүлэхийг хэлдэг юм гэж айлдав. Тэр өдөр нэг шинэ гадаад үг сурав. Мэдээж гүүглэдэж юу болохыг нь мэдэж авна. Тэр жил бидний нэг ч булчин хөгжөөгүй бөгөөд нэлээд хэдэн гаж үг хэллэг сурч билээ.

9-р анги: Бас л нөгөө настай багш. Алгадуулав. Журнал зассан учраас. Гайтай юм шиг яг миний нэрний хажуу дахь үзгэн балны бэхэн тэмдэглэлд нэг зүйл хүрчинсэн аж. Гялаан цаасан дээр үзгэн балаар бичээд, хатаалгүйгээр хүрэхэд юу болдгийг гадарлах биз. Би бас гайтай юм шиг ангийн журнал авч явдаг байв. Яаж бодохоор тэр жил БСШУЯ тийм гялаан журнал хэвлэж, хэн нэгэн заавал хариуцаж, багш нэр дээр ангиа төлөөлж авч очих бодлого гаргасан юм бүү мэд!

За тэр ч яахав. Манай ангийн бандгар охиныг бөөрөнцөг шидэх дүүргийн тэмцээнд ор гэж улаан цайм бидний нүүрэн дээр ятгаж билээ, манай нөгөө биеийн тамирын багш. Тэр охин өмнө нь бөөрөнцөг шидэж байгаагүй, зүгээр л бандгар бөгөөд хүчтэй харагддаг болохоор нь л тэгсэн юм. Тэр бөөрөнцөгөө шидсэн. Ямар ч амжилт гаргаагүй, мэдээж ойлгомжтой.  Тэр охин дуугүй дээрээ улам дуугүй, зожиг болсон. Бидэнтэй ярихаас ичдэг болсон бөгөөд цүнхэндээ тураах цайтай явдаг болсныг сүүд анзаарсан.

За нэг иймэрхүү. Биеийн тамирын багш нар сайжирсан байх гэж итгэж байна. Энэ чинь 2016 он шүү дээ. Гэхдээ үеэлээсээ сонссон түүх өөр байв. Гуйж байна, түүнийг болон тэдний үеийнхнийг тайван орхиоч, биеийн тамирын багш нар аа.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%