Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Артур Мелкин Окун хэмээх Америкийн эдийн засагч “Гуйранчлалын Индекс” хэмээх эдийн засгийн индикатор гаргажээ. Энэ индикаторт үндэслэн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох “Business Insider” вэб сайтын зүгээс улс орнуудын ажилгүйдлийн түвшин болон инфляцийн өсөлтөд үндэслэн хамгийн ихээр гуйранчилсан 16 улс орны жагсаалтыг гаргахад Монгол улс сүүл мушгин 14-р байрыг эзэлж гуйранчлалын хувьд чамгүй амжилтыг үзүүлсэн аж.
Эдийн засгийн өсөлт, хөгжлөөр нь улс орнуудыг эрэмбэлдэг жагсаалтад төдийлөн өндөрт бичигдээд байдаггүй юм гэхэд гуйранчлалаар нь ангилахад сүүл мушгиж байна гэдэг бол бидний хувьд томоохон эмгэнэл юм. Тэдний тооцсон аргачлаар манай улсын ХҮИ-ийн инфляцийн түвшин 12.6 хувьд хүрч, ажилгүйдэл 8.8 хувьтай байгаа бөгөөд ийм учраас “Гуйранчлалын индекс” хэмээгчийн хувьд 21.6 хувьтайгаар сүүлээсээ 3-р байрыг эзэлсэн байна.
Ерөөс сүүлийн үед олон улсын томоохон нэр хүндтэй санхүү, эдийн засгийн судалгааны хүрээлэн, институти, байгууллагуудаас гаргасан үнэлгээгээр Монгол улс тал бүрийн үзүүлэлтээр сүүл мушгих болсон аж. Англи улсад төвтэй “Jubilee debt campaign” хэмээх ТББ-ын зүгээс гадаад өрийн бүрэн хамааралд орсон 9 орныг нэрлэхэд манай улс бас багтаж байх жишээтэйг эдийн засагч Д.Жаргалсайхан саяхан нэг нийтлэлдээ дурдсан байсан.
Үүссэн нөхцөл байдал бол ойлгомжтой. Дан ганц салбараас хамаардаг эдийн засаг дэлхийн уул уурхайн түүхий эдийн үнийн уналттай зэрэгцээд навс доошилсон. Дээрээс нь популизмд живсэн Монголын улс төр засаглалын хямралд автаад шийдвэр гаргаж чадахаа байсан төдийгүй гаргасан шийдвэр болгоноо няцааж, орж ирсэн мөнгөний суваг бүхнээ тасалчихсан. Гэсэн мөртлөө дааж давахын аргагүй их өрөнд бас баригдсан. Таван жилийн өмнөх 17.2 хувийн өсөлтөөсөө 5 дахин агшсан байдалтай дараа жилийг угтах төлөвтэй. Болж буй нөхцөл байдлаас гарах арга зам байна уу ? Бусад салбар маань эдийн засгийн хувьд биднийг торгоох боломжит хувилбар болж чадах уу ?
2016 онд Монгол Улсад УИХ-ын сонгууль болж засаг өөрчлөгдөнө. Монгол заншлаараа сонгуулийн үеэр эдийн засгаа нураах үйл явц нь давтагдахгүй гэх газаргүй. Хүн төрөлхтөн энх тайван, эв нэгдлийн их баяр цэнгэлт наадам болох “Зуны XXXI-р Олимп”-ийг тэмдэглэж байх үед ажилгүй, орлогогүй болсон Монголчууд болж буй “Их хямрал”-д хэн нэгнийг буруутгаад сууж байх дүр зурагтай байна гэхээс яс хавталзаж байна.
ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛС
Дээр дурдсанаар манай эдийн засаг дан ганц салбараас хамааралтай буюу “Уул уурхайн эдийн” засаг гэдэг бол зайлшгүй үнэн. Мөн үүнээс гадна тэрхүү салбар нь бас ганцхан зах зээлээс хамааралтай. Зөвхөн Хятадад л бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Иймээс Хятадын эдийн засгийн өсөлт, бууралтыг бид зайлшгүй анзаарч ажиглахаас өөр аргагүй. 2000 оноос хойш дэлхий дээрх уул уурхайн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ огцом дээшилсэн. Судлаачид энэ үйл явцыг “Үнийн өсөлтийн супер цикл” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн 150 жилд дэлхий дахинд тохиолдсон 4 дэх томоохон “супер цикл” хэмээгдэх ажээ. Энэхүү “супер цикл” тохиосон 2002-2012 оны хугацаанд ерөөс өргөн хэрэглээний бараа болон түүнийг бүрдүүлэгч түүхий эдийн үнэ огцом нэмэгдсэн бөгөөд үүний голлох шалтгаан нь шинэ тутам эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн Хятад, Энэтхэгийн хэрэглээний өсөлтөөс шалтгаалсан хэмээдэг.
Хятад, Энэтхэгийн хувьд дээрх жилүүдэд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувь байсан нь өнгөрсөн 40 жилийн хугацаан дахь дэлхийд хамгийн их эдийн засгийн өсөлтийг үзүүлсэн 10 жил байсан ажээ. 2014 оны байдлаар энэ хоёр томоохон зах зээл нь дэлхийн нийт хүн амын 1/3-ийг хамарсан, дэлхийн нийт ДНБ-ийн 1/6-ийг дангаар үйлдвэрлэж буй аж. Иймээс Монгол улсын эдийн засаг үүнийг дагаад сүүлийн 10-аад жилийн туршид 10 дахин тэлсэн байж. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар Монгол, Лаос зэрэг орнууд нь Хятадын эдийн засгийн өсөлт, бууралтаас шууд хамааралтай улсууд ажээ. 2011 оноос эхлэн цахилж явсан Хятадын эдийн засгийн өсөлт саарч эхэллээ. Дагаад дэлхийн зах зээл дээрх манай улсаас нийлүүлдэг гол түүхий эдүүдийн ханш жигдхэн уналаа.
Өнгөрсөн 30-аад жилийн турш өсөлттэй байсан Хятад гүрэн эдийн засгийн бодлогоо өөрчлөхөөр шийдлээ. “Түүхий эд худалдан авагч улс” хэмээх статусаа өөрчилж дотоодын нөөц бололцоонд тулгуурласан технологи, инновацид суурилсан өндөр үнэтэй үйлдвэрлэл эрхэлж, иргэдээ орлогожуулж “хэрэглэгч” улс болохоор ханцуй шамлалаа. Иймээс дэлхийн зах зээлээс худалдаж авдаг байсан түүхий эдийн хэмжээг жил дараалан огцом бууруулахаар болсон байна.
Үүнээс шалтгаалан Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулагчдад манай улсад ажиллаж, ашиг хийх явдал тун эргэлзээтэй байдалд орсноос дагаад сонирхол нь огцом буурч байна. Нэрмээс болж “баялаг тойрсон популизм” хэт газар авсанаас орж ирсэн хөрөнгө оруулагчдаа хөөж туусаар Монгол орон дэлхийд нэр нүүргүй болсон.Иймд цаашдаа Монголын эдийн засаг дан ганц уул уурхайд суурилж, түүгээрээ бусад салбараа тэтгэдэг байсан нөхцөл байдал боломжгүй болж байх шиг. Эдийн засгийн “Алтан боломж”-ыг бид нэгэнт ашиглаж чадсангүй.
БУСАД ГОЛЛОХ САЛБАРУУД
Уул уурхай унахтай зэрэгцээд дордохын долоо болж салбар бүхэн уналтад оров.Нийт эдийн засгийн өсөлт 4.4 хувьд хүрчээ. Өмнөх цаг үеүдэд их хэмжээний мөнгө цутган орж ирэхтэй холбоотой Монголын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болсон барилгын салбар юун түрүүн эрс уналтанд орлоо. Барилгын салбарт ойролцоогоор 2.8 их наяд төгрөг эргэлдэж, нийт эдийн засгийн 25 хувийг дангаараа бүрдүүлдэг хэмээн судлаачид тооцдог. 2014 онд 30 мянга гаруй орон сууц ашиглалтанд орсон бол энэ онд 25 мянга болон тоо хэмжээ нь багаслаа. Орон сууцнууд борлогдохоо байлаа. Гадаад хөрөнгө оруулалт багассанаас үүдэлтэй оффисын сүрлэг байшингуудыг түрээслэх хүн байхгүй боллоо. Ерөнхийдөө салбарын уналтыг торгоохоор төрийн зүгээс элдэв арга хэрэгсэл хэрэглэх тухай ярьж хэлж байгаа ч санхүүжилтийн асуудлыг бүрэн гүйцэд зохицуулах учраа өдий хүртэл олсонгүй. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “Тэнхлэг зууч”ХХК-ийн өнгөрсөн наймдугаар сард явуулсан судалгаагаар орон сууцны үнийн индекс 11.7 хувьтай буюу оны эхэн үеэс 6.05 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 10.08 хувиар буурчээ. Үүнийг эдийн засагчид тайлбарлахдаа хүмүүс орлогогүй болсоноос шалтгаалж, орон сууц худалдан авахаа байсантай холбож байна. Барилгын салбарын уналт нэгэнт эрчээ авч эхэлж буй тул үүнээс шалтгаалан энэ салбараас ажил, амьдарлаа залгуулдаг олон иргэд цаашид гудамжинд гарах эрсдэл үүсээд байна.
Монголчуудын хэрэглээ ямар түвшинд явна вэ ? Гадаад худалдааны статистикаас харвал нийт эргэлт нь 5.021.7 сая ам.долларын хэмжээнд байгаа аж. Долдугаар сарын байдлаар энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувь буюу 1.066.9 саяар буурсан байна. Үүнд экспорт 127.6 саяар, импорт 939.2 саяар буурч бараг тэрбум шахуу ам.долларын бараа бүтээгдэхүүнийг бид худалдаж авч чадаагүй нь орлого хэрхэн багассаныг харуулж буй гол үзүүлэлт яах аргагүй мөн билээ. Гадаад худалдааны нийт тэнцэл 604 сая ам.долларын ашигтай гарчээ. Сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай гарсан тэнцэл ашигтай гарсан нь импорт багассанаас үүдэлтэй болохоос эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирснаас болоогүй нь нүдэнд илт аж. Гадаад худалдаа ашигтай гарсан нь төгрөг болон ам.долларын ханшийн зөрүүнд илт нөлөөлж байгаа боловч нэгэнт гадаад валютын нөөцөө барж байгаа манай улсад долларын ханш буурах байтугай 2000 төгрөгт хүрч түүхэн рекорд эвдлээ. Хэрэв гадаад импорт хумигдаагүй байсан аваас энэ тоо хаа хавьцаа явж байхыг таамаглахад бэрх аж. Валютын нөөц багассанаас шалтгаалан Монголбанк мөнгөний нэлээд хатуу бодлого баримталснаар банк санхүүгийн байгууллагын зүгээс зээл олгох нь багасаж санхүүгийн салбар ч доголдолд оржээ.
Муу дээр муухай гэгчээр ойрын хэдэн жилд тохиолдоогүй ган гачиг өнгөрсөн зун манай улс оронд тохиолдлоо. Манай улсын ДНБ-ийн 12.2 хувийг дангаар эзэлж, нийт ажиллах хүчний 28.6 хувийг бүрдүүлдэг ХАА-н салбар энэ жил уналтанд ороод эхэллээ. Ургац хураалт өнгөрсөн оны есдүгээр сарын нэгний байдлаар төмс 16.6 мянган тн, бусад хүнсний ногоо 12.6 мян тн байсан бол энэ жилд төмс 6.3 мян тн, хүнсний бусад ногоо 10.4 мян тн болж огцом буурчээ. Нийт ургацынхаа 40 хувийг алдсан учир гадаадаас импортлохоос өөр аргагүй болж байгаа аж. МАА-н үйл ажиллагааг голчлон дэмжих хадлан тэжээлийн хувьд өнгөрсөн онд 495.5 мян тн байснаас энэ жил 302.2 мян тн болон буурчээ. Өвөлжилтийн бэлтгэл хангагдаагүй байгаа учир ирэх өвөл хүндрэхээр нөхцөл байдал үүссэн байна.
Гэтэл 70 гаруй сая толгой малаас 126.3 мян тн буюу 10 саяыг нь экспортолсноор 1 тэрбум ам.доллар олох тухай Засгийн газрын зүгээс яриад эхэллээ. Манай улсын нөхцөл байдалд энэ нь тохирох эсэхийг одоогоор хэн ч дорвитой судалсан зүйл алга. Зах зээл дээр махны хомсдол үүсгэж, махны үнийг тэнгэрт хадаах шийдэл юм биш биз ?
Эдийн засаг өөрөө салбар бүр өөр хоорондоо харилцан хамааралтай, гинжин урвал маягаар явагддаг түвэгтэй тогтолцоо учраас үндсэн салбарын уналт бусад салбараа чирж буйг дээрх үйл явцууд нотолж байна.
СОНГУУЛЬ
Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудыг ажиглах ахул хямралд хүргэсэн гол шалтгааны нэгээр яах аргагүй “’популизм” тодрох болно. Эргээд мөн хямралаас шалтгаалан “популизм” бүр ч гаардаг нь дэлхийн түүхээр нотлогдсон жишээ аж. Ингээд шалтгаан, үр дагаварын аль аль нь болсон популизм эцэстээ тухайн улсыг бүрэн дампууруулдаг. Манай улс энэ замаар замнахаар хэдийнээ зэхчихээд байгааг өдгөө цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаас харахад ойлгогдоно.
Сонгууль ойртох хэрээр ард түмэнд таалагдах гэсэн улс төрчдийн тоглолт эрчээ авч, сонгуулийн сурталчилгааны бэлтгэл ажил хэдийнээ эхэлжээ. Хүн болгоны ходоодыг цатгах амлалтыг өгөх “Монгол Сонгууль” реалити шоу яг одоогийн байдлаар “Ипотекийн зээлийг өршөөлд хамруулах”, “Тавантолгойг ард түмэндээ буцаан олгох” санаачлагуудаар эхээ аван хурдаллаа. Дээрх санаачлагууд цаашдаа юу болж хувирахыг үнэхээр таашгүй. Ямартай ч өнгөрсөн бүхий л сонгуулийн өмнө болон дараа нь болсон үйл явцаас ажиглах ахул манай сонгууль бидний эдийн засагт ямагт халтай байсаар ирсэнийг мартаж болшгүй. Хэдий урьд урьдын сонгуулийн цаг үеүдэд эдийн засаг өнөөгийнх шиг нөхцөл байдалтай байгаагүй учир улс төрийн намууд элдэв янзын үрэлгэн төслүүдийг санаачлахад илүү хялбар байсан биз. Харин энэ удаагийнх тэс өөр. Наад зах нь намууд сонгуулийн санхүүжилтээ хаанаас босгохыг тааж мэдэхэд үнэхээр бэрх байна. Гэхдээ популизм зогсохгүй. Улс төрийн намууд засагт гарахын тулд юу ч хийхээс буцахгүй. Хаанаас ч мөнгө туухыг үгүйсгэхгүй. Харийн санхүүжилттэй байхаас ч сийхгүй. Учир нь намуудын сонгуулийн санхүүжилт ямагт ил тод бус байсаар ирсэн цаашдаа ч тийм байх төлөвтэй.
Өнөө цаг үеийг ойлгоё гэвээс өнгөрснөө бид харах шаардлагатай. Ирээдүйгээ таамаглахын тулд өнөөдрөө ойлгох хэрэгтэй. Энэ логикийг мөрдөх аваас дараа жил бидэнд хэцүүхэн жил болох нь дээр дурдсан улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас тодорхой болж байна. Хэрэв үнэхээрийн гэнэтийн гайхамшиг л тохиолдохгүй аваас 2016 он бидний хувьд эдийн засгийн хүндрэлээс “Их хямрал” руу жинхэнэ утгаараа шилжих үүд хаалга болж болзошгүй байна.
Н.Хасар
The Insider сэтгүүлийн 2015 оны 9 сарын N23-дугаарт хэвлэгдэв.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?