Өнөөдөр 2018 он. Гудамж талбай улс төрийн зам болж дээ. Явган хүний замаар алхаж байхад машинууд зогсоод такси авах юм уу гэж асуудаг тийм л зам. Гараа савлахгүй, халаасандаа хийж явах хэрэг гарна. Стандарт нь бол ногоон байгууламж-> авто зам-> ногоон байгууламж-> явган зам-> ногоон байгууламж -> тэгээд олигархийн байшин байж болно. Гэтэл Монголд авто зам-> жаахан явган зам-> тэгээд л шууд олигархийн байшин! Социализмын үед ямар сайхан ногоон байгууламжтай байв аа. Төв талбайгаа тойроод хүртэл ногоон моднууд. Бидний нүүрстөрөгчийг авч хүчилтөрөгч өгч байв. Харин өнөөдөр "боож үхлээ" гэж утааны тухай асуудалд орж, түүнийг бүхэн ярьж үгээ хэлнэ.
Үгээр үйлдэл явагдахгүй юм бол үгээс холхон явах хэрэгтэй. Энэ бүх зүйлийг надаас ч илүү мэддэг сэхээтнүүд байгаа. Харамсалтай нь тэд гарч ирдэггүй, бүтээдэггүй, бичдэггүй, нийгмийн зөв бурууг хэлдэггүй. Би нэгэнт Улаанбаатар хотод төрж өссөн, талхыг нь идсэн, усыг нь уусан юм болохоороо Монгол ямар муухай юм бэ гээд хаялтай нь биш. Хариуг нь барьж хийхж бүтээх ёстой. Тэгж байж шударга моралтай амьдарна.
Капиталистууд биднийг өр зээл, хүүгийн дарамтанд шантаачлуулж байна. Тэрийгээ лизинг мизинг гээд гоё нэр өгчихнө өө бас. Зүгээр хэрэглээний боол гэдгийг үсэнд минь билүүдэж суухад яаж би чимээгүй суух вэ? Номхон явбал нохой мэт зүтгэнэ. Өнөөдөр Монгол орны дундаж цалин 940,000 төгрөг харин боловсролын салбарынхан 600,000 байна гэдэг бол баячууд нь маш их баяжиж байна, ядуучууд нь улам бүр ядуурч байна гэсэн хоёр туйл. Социализм бол тэгш байхыг эхэнд тавидаг бол ардчилал эрх чөлөөг нэгт тавьж буй. Эрх чөлөөний теоригүй ард түмэн чинь яалтай билээ.
Өмнөх нийгэмд бид бие биенээ ямар их хүндэлдэг байлаа, ямар их моралтай байлаа. Өнөөдөр машин дотроос ч бие биенээ үзэн ядна, юмаа алдах вий гэж айна, муудсан бараа авчих вий айна, хаа л явна айдас. Этикгүй гэвэл эх орондоо үнэ цэнэгүй гэмээр. Социализм бол эв хамтын нийгэм байж. 90 оноос өмнө эмзэг бүлэг гэдэг ойлголт үгүй. Монголд неолиберализм ноёлж байна. Тэр шилэн барилгуудын хамгийн дээр нь үргэлж гадаадынхан байдаг бол доор нь хөөрхий муу кофе чанагч, жолооч, жижүүр нар нь монголчууд байдаг, эх орондоо шүү дээ.
Социализм гэдэг нийгмээрээ сайн байя л гэсэн утгатай. Зах зээл гэдэг хүн, байгаль хоёрт хамгийн халгаатай нийгэм мэт. Эрх чөлөө өөрөө өнөөдөр биш социализмын үед л бүрэн утгаараа байж дээ. Өнөөдөр суръя гэвэл хэн мөнгөтэй нь сурна, эмнэлэгт үзүүлье гэвэл хэн мөнгөтэй нь үзүүлнэ. Өмнөх нийгэмд хувийн биш нийтээрээ сурах, нийтээрээ хаа ч үйлчлүүлэх боломжтой тул эрх чөлөө байж. Эрх чөлөөг дагаж хариуцлага явдаг. Бид хариуцлагаас нь зугтаж, эрх чөлөөнд нь дурласаар. Хаашаа л харна шүлсээ хаяж хөлдсөн царцсан гудамж талбай. Эстетик байхгүй. Хариуцлага хаачсан бэ, нөгөө эх орноо хайрлах, өөриймсөг. Тэгээд хүн бүр өөрийгөө үндсэрхэг үзэлтэн, би Монгол гэж чээжээ дэлдэнэ.
Төрийн ордон буй газрыг улсын нийслэл гэнэ гэж үндсэн хуульд бий. Социализмын үед төрийн ордон хашаагүй, ард түмэнтэйгээ их ойр байж. Харин өнөөдөр дээшээ харсан үзүүртэй сумтай, хав хар өнгийн хашаагаар төрийн ордонг хүрээлжээ. Нөгөө ардчилал юу болов, нэг л аймаар. Бид хаа байсан 800 жилийн түүх ярьдаг мөртөө яагаад 80хан жилийн түүхээ мэддэггүй вэ. Лениний хөшөөгөө нураагаад л. Өдгөө дэлхий даяар Марксын "Капитал" зохиол алга болчихсон, дахин хэвлэж байгаа. Дэлхий ухаарчээ, К.Марксыг маш их судлах болж.
Диалектикийн дагуу хэрвээ дайн байхгүй гэвэл энх тайвны үнэ цэнийг мэдэхгүй, зовлон гэж байхгүй бол жаргал гэж юуг мэдэхгүй, өгсөх замыг уруудах замгүйгээр төсөөлөх аргагүй. Яг л энэ явдлаар социализмын сайнаа муугаар сольжээ. Социализм гэдэг бол зүүнтэн гэсэн үг. Капитализм бол баруунтан шүү дээ. Миний зүрх зүүн талдаа цохилдог.