Уран бүтээлч Б.Хишигсүрэнгийн “Чимээгүй Яриа”-г 976-д очиж сонсоорой
Энэ сард 976 галерейд уран бүтээлч Б.Хишигсүрэнгийн “Чимээгүй Яриа” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна.
Б.Хишигсүрэн нь 2005 онд ДУДС-ийн уран зургийн ангийг төгссөнөөс хойш голчлон морь болоод хүн байгалийн холбоосыг сэдэвлэн авч өөр өөр арга техник ашиглан бүтээлээ туурвисаар байна. Бүтээлээ тосон будаг, өнгийн харандаа, акрил гэх мэт холимог техник ашиглан тууривдаг. Тэрээр эх орондоо 40 гаруй, олон улсад АНУ, Солонгос, Хятад, Япон, Англи, Ирланд зэрэг орнуудад 10 гаруй үзэсгэлэнд оролцож өөрийн бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлж ирсэн юм.
Энэ удаагийн үзэсгэлэнгийнхээ талаар “Заримдаа зүгээр л чимээгүй сууцгаах нь хамгийн сайхан ярилцлага болдог. Өөр хэл соёл, уламжлал, шашинтай хүмүүс ч гэсэн сэтгэлээрээ, харцаараа ярилцдаг. Харин адгуус амьтад, жигүүртэн шувууд яадаг бол? Тэд ч бас харилцан ойлголцож ярилцдаг байх. Техник технологийн хөгжил нь бидний амьдралд олон сайн талуудыг авчирч байгаа ч хүний дотоод болон гадаад ертөнцтэйгөө харьцах харьцааг улам хөндийрүүлж байх шиг санагдана. Заримдаа амьтад хоорондоо биднээс илүү бие биенээ ойлгодог болов уу гэж бодоход хүргэх юм. Энэ бодлоо би бүтээлээрээ дамжуулан өгүүлмээр санагдсан...” хэмээн уран бүтээлч Хишигжаргал ярьж байна.
Үзэсгэлэн 8-р сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?
Б.Хишигсүрэн
Мэдээг 976 Art Space