Аливаа сургалтын салшгүй нэг хэсэг нь суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх ажил байдаг. Багш хүн энэ ажилд өөрийн хөдөлмөрийн 25 гаруй хувийг зарцуулдаг байна. Хичээлийн үнэлгээ зорилттойгоо нягт холбоотой байх ёстой. Ямар зорилт тавьсан түүнийхээ биелэлтийг үнэлдэг. Багш нар ихэнх тохиолдолд суралцагчдыг сорилоор үнэлж байна. Монгол улсад зохион байгуулагдаж буй ЭЕШ-аас эхлэн чухалд тооцогдох шалгалтууд сорил ашиглаж байна. Суралцагчдыг хичээлийн агуулгаас зайлшгүй эзэмшсэн байх шалгууртай (зорилттой) харьцуулан хэмжихэд сорилыг ашигладаг.
НТ 605 онд Хятадын Сүй (Sui) гүрний үед эзэн хааны төрийн албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахдаа “Эзэн хааны шинжилгээ” хэмээх сорилоор (тест) шалгах аргыг хэрэглэсэн бөгөөд энэ уламжлал 1300 жил үргэлжилжээ. Англид 1806 онд “Эзэн хааны шинжилгээ” шалгалтын загварыг төрийн албаны албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад ашиглах болсон байна. ХХ зууны эхэн үе гэхэд сорил (тест) гэдэг нэр томьёо олон нийтэд тодорхой болж шинжлэх ухааны бие даасан судлагдахуун болсон байна.
Сорилын төрөл хэлбэр, түүнийг хэрхэн ашиглах тухай сэдэв шинэ сэдэв жиш бөгөөд энэ талаар судалсан бүтээлүүд ҮНС-д олноор хадгалагдаж байна. Ялангуяа анагаахын хичээлүүдэд сорилын олон хэлбэрийг ашиглах талаар профессор Н.Сүмбэрзул судалж практикт нэвтрүүлсэн нь Монголын их дээд сургуулиудаас Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль л сорилын олон хэлбэрээр суралцагчдаа үнэлэх болоод уджээ.
Сорил нь бидний ойлгодгоос илүү өргөн агуулгатай бөгөөд сорьж үзэх, тэнсэн турших гэсэн утгатай үүсмэл үг юм. Энэ утгаар нь харвал сорил нь гол төлөв үйлдэл гүйцэтгэх, амаар болон бичгээр хариулах сорил гэсэн гурван хэлбэртэй. Үйлдэл гүйцэтгэх шалгалтыг ихэнхдээ байгалийн ухааны хичээлүүдэд ашигладаг. Зүйрлэвэл анагаахын хичээл дээр судас тариа яаж хийхийг заачихаад шалгалтаа тариа хийлгэж авна гэсэнтэй утга нэг. Амаар авах шалгалт түгээмэл боловч нийгмийн ухааны хичээлд түлхүү ашиглаж харагддаг. Багш заасан хичээлийн тухай суралцагч бүртэй ярилцах байдлаар авдаг шалгалтын хэлбэр. Бичгээр хариулах сорил нь хэлбэрийн хувьд хаалттай болон нээлттэй хариулттай байдаг. Нээлттэй хариулттай сорил нь аль нэг сэдэв өгч түүний тухай бичүүлэх, эсвэл асуултын хариултыг өгөлгүйгээг суралцагчаар бичүүлж болно. Хаалттай сорил гэдэг нь асуултын хариултыг олон хувилбараар өгөөд аль зөвийг суралцагч сонгодог. Бид энэ удаад хаалттай сорил боловсруулах тухай авч үзье.
Хаалттай сорилын давуу болон сул тал
Сорилын давуу тал нь олон суралцагчдыг нэгэн дор богино хугацаанд үнэлэх, олон асуудлыг хамруулан шалгах боломжтой. Сүүлийн үед хариултыг тусгай хуудсанд бөглүүлж тоологч машинаар шалгадаг болсноор хугацаа хэмнэхээс гадна шалгагч үнэлгээнд нөлөөлөх боломжийг багасгаж үнэлгээ бодит болж байна. Харин сорилын сул тал нь хариултыг таах боломжтой, шууд бус хэмжигдэхүүн ашигладаг, олон хувилбарт сорилыг боловсруулахад агуулгыг оновчтой үгээр илэрхийлэх, асуултыг нөхцөл болон хариулттай нь уялдуулах, хариултуудын логик ба агуулгын дэс дараа, тэдгээрийн найруулгыг тохируулах зэрэг олон зүйлийг харгалзах тул хугацаа их шаарддаг.
Сорилын хэлбэрүүд
Ерөнхий боловсролын сургуулийн түвшин тогтоох шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалтаас эхлэн их дээд сургуулийн мэргэжил сонгох шалгалт, төгсөх шалгалт зэрэг олон суралцагч хамарсан томоохон шалгалтыг сорилоор авч байна. Эдгээр шалгалтын сорилын хэлбэрийг харвал ихэнх тохиолдолд олон хувилбарт сорилын үнэн эсвэл худал хариулттай, хамгийн зөв хариултыг сонгох гэсэн хоёр хэлбэрийн сорилыг ашиглаж байна.
Бидний сайн мэдэх асуулт асуугаад өгсөн хариултын олон хувилбараас аль зөвийг нь сонгох сорилын хэлбэрийг судлаачид “олон хувилбарт сорил” хэмээн нэрлэдэг. Олон хувилбарт сорилыг дотор нь үнэн эсвэл худал болон хамгийн зөв нэг хариултыг сонгох сорил гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваан үздэг ажээ.
Үнэн эсвэл худал хариулттай сорил. Үнэн эсвэл худал хариултыг сонгох сорилын хариулт нь нэг бол үнэхээр зөв, нэг бол үнэхээр буруу байна. Тодорхой нөхцөлд зөв байх хариулт байдаггүй.
- Энгийн буюу Х хэлбэрийн
- А, Б хоёулаа зөв, хоёулаа буруу гэсэн 4 сонголттой буюу С хэлбэрийн
- Нийлмэл буюу К хэлбэрийн
- Шалтгаан үр дагаварын буюу Е хэлбэрийн сорил гэсэн төрлүүдэд хуваагддаг.
А хэлбэрийн сорил нь нэг асуулт, хэд хэдэн хариултаас бүрдсэн хэлбэр юм. Бид энэ сорилыг хамгийн их ашигладаг тул энд үл өгүүлье.
К хэлбэрийн сорил. Сорилын асуултын харилт нь зөвхөн нэг үнэн хариулттай байхаас гадна олон үнэн хариулттай байж болно. Өрөөр хэлбэл ямар нэгэн асуудлыг үүсгэж буй хүчин зүйл нь ганцхан шалтгаантай байдаггүй. Тиймээс энэ тухай мэдлэгийг шалгаж буй сорил нь ч мөн адил нэг үнэн хариулттай байх боломжгүй юм. Уламжлал ёсоор сорилын хариултууд үсгээр дугаарлагдсан байдаг. Харин нийлмэл буюу К хэлбэрийн сорилд хариултууд кодлогдсон байна. Бидэнд мэдэгдэж буйгаар К хэлбэрийн сорилыг хоёр янзаар кодолсон тохиолдол харагдаж байна.
1-р хувилбар 2-р хувилбар
1,2,3-р хариултууд зөв бол А 1,2,3-р хариултууд зөв бол А
1 ба 3-р хариултууд зөв бол В 1,2,4,3-р хариултууд зөв бол В
2 ба 4-р хариултууд зөв бол С 2 ба 4-р хариултууд зөв бол С
Зөвхөн 4-р хариулт зөв бол D Зөвхөн 4-р хариулт зөв бол D
Бүх хариулт зөв бол Е Бүх хариулт зөв бол Е
Хоёрдугаар хувилбарыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль ашигладаг бөгөөд бүх хувилбарыг сонгох боломж илүү байдаг давуу талтай.
Шалтгаан хамаарлын буюу Е хэлбэрийн сорил. Энэ сорил нь аливаа нэгэн үр дүн түүнийг бий болгосон хүчин зүйлийн хамаарлыг зөв тодорхойлж буй эсэхийг шалгахад энэ хэлбэрийг ашигладаг. Шалтгаан үүсгэх хүчин зүйл, шалтгаанаас үүдсэн үр дүн хоорондоо яагаад гэвэл, учир нь гэсэн үгээр холбогдсон хавсарсан нийлмэл өгүүлбэр байдаг. Шалтгаан, үр дагавар болж буй зүйлүүд нь үнэн эсэх, шалтгаан нь үр дагавараа баталж, тайлбарлаж чадаж байгаа эсэхээс хамаарч хариултыг сонгодог бөгөөд хариултыг дараах байдлаар кодолсон байдаг.
Хариулт Шалтгаан Үр дүн Хамаарал
A Зөв Зөв Зөв
B Зөв Зөв Буруу
C Зөв Буруу Буруу
D Буруу Зөв Буруу
E Буруу Буруу Буруу
Хамгийн зөв нэг хариултыг сонгох сорил. Хамгийн зөв нэг хариулт сонгох сорилд бүх хариулт нь зөв байх ба өгөгдсөн нөхцлөөсөө хамаарч хамгийн зөв нэг хариултыг сонгоно.
- Өгөгдсөн асуудал, хийх даалгаварт тохирох 5 хариултаас сонгох буюу А хэлбэрийн
- Өгөгдсөн 2-5 асуулт даалгаварт тохирох хариултыг мөн 2-5 хариултаас тохируулан оноох буюу В хэлбэрийн
- 2-20 асуудал даалгаварт тохирох хариултыг түүнээс олон хариултаас сонгох буюу R хэлбэрийн гэсэн төрлүүдэд хуваагддаг.
Сорилын хариултын тоо сорилын төрлөөсөө хамаарч янз бүр байх боловч ихэвчлэн 4-5 байдаг. Үндсэн хэсэгт өгөгдөж буй даалгавар нь хүнд буюу өндөр түвшний мэдлэг шаардаж байгаа бол хариултын сонголт цөөн, хөнгөн буюу эргэн санах түвшнийх бол хариултын сонголт нь олон байдаг. Гэхдээ хариултын сонголтыг хэт цөөн хариулттай боловсруулбал суралцагчид хариуг таах магадлал өндөрсдөг учир тэднийг бодит байдлаас өндөр үнэлэх сул талтай.
Дээр өгүүлсэн хэлбэрүүдээс гадна сорилын үнэлгээг бодит болгохын тулд (оюутны тааж хариулах боломжийг багасгахын тулд) хариултанд мэдэхгүй гэсэн сонголт оруулж эцсийн нийт оноог гаргахдаа буруу бол -1 оноо, мэдэхгүй бол 0 оноо, зөв бол 1 оноо өгч тооцох аргыг хэрэглэсэн судалгаа байдаг. Ингэснээр суралцагч тааж эрсдэл хийхийг хүсэлгүй мэдэхгүй тохиолдолд 0 онооны хариултыг сонгодог байна. Үүний сөрөг тал нь суралцагч алдаа гаргахаас эмээн өөрийн боломжоо ашиглаж чаддаггүй, нөгөө талаар туйлийн зөв хариулт гэдэг ойлголт маргаантай байдгаас энэ хувилбар төдийлөн дэмжигддэггүй.
Сорил боловсруулахад баримтлах зарчим. Сорилын шалгалт нь агуулгын хувьд асуудлыг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, үнэлэхэд чиглэсэн байх. Өөрөөр хэлбэл мэдлэгийг хэрэглэх түвшинд байх нь зохистой. Гэхдээ ямар түвшний хөтөлбөрөөр сургалт явуулж байгааг ямагт анхаарах хэрэгтэй. Сорилоор суралцагчийн мэдлэгийг бодитой үнэлье гэвэл боловсруулахдаа дараах хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд,
- Шалгалт авсны дараа сорилоо үнэлдэг байх
- Суурь сургалтын хөтөлбөр (ЕБС-ийн сургууль болон их, дээд сургуулийн ерөнхий эрдмийн сургалт)-өөр суралцаж буй суралцагчдыг үнэлэх сорилын хувьд мэдлэг шалгах сорилын хүндийн зэрэг хамгийн тохиромжтой байх
- Нийт сорилын агуулга нь суралцагчдын суралцах хугацаанд судалсан хичээлийн агуулгыг бүрэн хамарсан байх
- Суралцагчдын сэтгэн бодох, шийдвэр гаргах чадварыг сорьсон байдлаар зохиогдсон байх
- Сорилын өгөгдөл (асуулт) аль болох богино байж, бодох хугацааг их байлгах
Асуулт зохиоход анхаарах зүйл
- Агуулгын хувьд зайлшгүй эзэмших онолын болон туршлагын үр дүнг ашиглан боловсруулах
Тохирсон түвшнийг шалгах, ихийг биш зайлшгүй эзэмших ёстой чухал агуулгыг эзэмсэн эсэхийг үнэлэхэд анхаарах
- Мэдлэгийг эргэн санах түвшинд боловсруулсан сорилоос татгалзах
- Бакалаврын оюутнуудыг шалгах сорил нь задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх түвшинд байх
- Асуулт богино тодорхой байх
- Сонирхол татсан, онцгой содон үйл явдал, үр дүнг сорилд хэрэглэхээс зайлсхийх
- Жишээ (кейс) болон туршлага (туршилт)-ын үр дүнг оруулах
- Найруулга зүйн алдаагүй байх
- Нэг асуултанд нэг минут зарцуулахаар байх
- Хариулах зааврыг тусгах, тодорхой байх
Үгүйсгэх асуултаас зайлсхийх (Эдгээрт аль нь хамаарахгүй вэ гэж асуух зайлшгүй шаардлага гарвал, эдгээрт алинаас бусад нь хамаарах вэ гэх байдлаар боловсруулах)
- Дүгнэсэн асуултаас зайлсхийх
- Суралцагчдын түгээмэл алдааг ашиглах
Сонгох хариултыг боловсруулахад анхаарах зүйл
- Зөв хариулт алдаагүй байх
- Будлиулах хариулт үнэмшилтэй байх
- Найруулгын алдаагүй байх
- Хариултанд дүгнэлт бичихгүй
- Хариулт логик дараалалтай байх
- Хамгийн зөвийг сонгох хэлбэрээр сорил боловсруулж буй тохиолдолд буруу хариулт гэж байхгүй байх, хамгийн зөвийг сонгох
- Үнэн эсвэл худал хариулттай сорил боловсруулж байгаа тохиолдолд тодорхой нөхцөлд зөв байх хариултаас татгалзах
- Хэмжээ бүтэц ойролцоо байх (зөв хариулт бусдаасаа урт биш, зарим сорил хэт урт, зарим нь хэт богино биш байх)
- Хариултууд нь утга, өгүүлбэрзүйн хувьд асуулттайгаа уялдаатай байх
- Нэг сонголтын ард нэг хариулт бичих
- “Дээрх бүгд”, “дээрхийн аль нь ч биш” хэлбэрийн хариултаас зайлсхийх
- Хариултыг логик дарааллаар байрлуулах
Сорилын чанарыг сайжруулахад анхаарах хэдэн зүйл
- Сонголтыг кодлон, хэт цөөн хариулттай сорил боловсруулбал суралцагчид хариуг таах магадлал өндөрсдөг учир бодит байдлаас хэт өндөр үнэлэх сул талтай.
- Шалгалт даалгаваруудыг үнэн зөв эсэхийг сайтар хянаж байх
- Туршилтын үр дүнг тайлбарлах (байгалийн ухааны хичээлийн хувьд) даалгавар бүхий сорил хэрэглэх нь сорилын ялгах чадварыг нэмэгдүүлдэг (сайн асуулт = сайн сорил).
- Сорилыг эмхэтгэж хэвлүүлэхдээ хариуг хамт хэвлүүлэх нь суралцагчдын сэтгэн бодох чадварыг бодитой үнэлэх боломжийг хязгаарлаж байгааг үгүйсгэхгүй.
Нийтэлсэн А.Ган-Эрдэнэ