КАРЛ МАРКСЫГ АНХЛАН УНШИГЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

image КАРЛ МАРКСЫГ АНХЛАН УНШИГЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ Нийтлэлийг бичсэн: Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийн улс төр, философийн багш Майкл Лазарус Нийтлэлийг орчуулсан: О.Оюундалай Нийтлэлийг хянан тохиолдуулсан: А.Хишигтөгс Огноо: 2022 оны 8 дугаар сарын 5 Карл Марксын санааг гарчиглах төдийд л энэ нийгмийн бодит нөхцөл байдлыг тольдож буй мэт. Канад Улсын хөгжимчин, дуучин Клэр Элиз Баучер (Граймс) Элон Масктай амраг сэтгэлийн харилцаатай байсан ч удалгүй хоёр тийш болсон. Тэрээр Карл Марксын голлох бүтээл болох “Коммунист Манифесто” номыг гартаа барьж зураг татуулсан нь олны анхаарлыг татсан юм. Клэр Элиз Баучерын уран бүтээл нь танд ямар ч санагдаж болох ч энэ нь гайхалтай өгүүлэмж бүхий дүр зураг байсан юм. 21-р зууны капитал эзэмшдэг томоохон төлөөлөгчдийн нэг болох экс найз залуугийнхаа эсрэг Манифестын агуулгыг далд утгаар сөргүүлэн тавьсан санаа гэж хэлж болмоор... Карл Маркс, Фридрих Энгельсийн хувьсгалт товхимлыг томоохон баячуудын хоорондох ПиАр-ын дайны зэвсэг болгон ашиглах нь нэг хэрэг. Харин түүний бүтээлийг судалж, онолын санаанд тулгуурлан одоогийн нийгмийн дэг журмыг шүүмжилж, өөрчлөх нь огт өөр зүйл билээ. Нийгмийн тэгш бус байдал, ангийн тэмцэл улам бүр хурцдаж байгаа энэ цаг үед Карл Марксын онолыг хэдэн арван жилийн турш сонирхож байгаагүйгээр их анхаарч, нийгмийн нөхцөл байдлыг өөрчлөх асуудал илүү хурцаар тавигдах боллоо. Хэдийгээр шинээр төрж буй зүүний үзэлтнүүдийн хувьд ч, арвин туршлагатай судлаачдын хувьд ч Карл Марксын зохиолуудын утга санааг бүрэн ойлгоход бэрхшээлтэй байж болно. Ялангуяа 64 насандаа нас барах хүртлээ туурвисан арвин их бүтээл ч тус болохгүй байж мэднэ. Маркс, Энгельсийн цуглуулсан бүтээлийн англи хувилбар нь 50 боть боловч тус нийтлэлд бүгдийг нь авч үзэх боломж хомс байлаа. Карл Марксын бүтээл нь зөвхөн капитализмыг шүүмжлэх бус харин танд оюуны их баяр баясал өгнө. Тэрээр үндсэндээ хүний эрх чөлөөний асуудлыг хөндсөн бөгөөд зохиолууд нь капитализмд эдийн засгийн мөлжлөг хэрхэн явагддаг болох нарийн ширийн зүйлийг хөндөхийн зэрэгцээ нийгмийн ноёрхлын бүх хэлбэрийн мэдлэгийг танд олгоно. Тэрээр улс төрийн эдийн засаг, түүх, философи, улс төрийн сэтгүүл зүй зэрэг салбарыг хамарсан бүтээл туурвисан суут онолч байсан бөгөөд уран зохиол, хэл шинжлэл, шинжлэх ухаан, математик, антропологийн салбарын бүтээлийг сонирхон судалдаг байсан нь түүний онолын чухал санааг гаргах, бүтээлийг илүү баяжуулахад тусалсан юм. Олон арга замаар Марксын тухай судалж, танилцаж болох ч энэхүү нийтлэл нь түүний голлох бүтээл болон тус бүтээлд тусгагдсан онцлох санаа, улс төр болон түүхийн нөхцөл байдлыг тоймлон ойлгоход тань тусална. УЛС ТӨРИЙН БҮТЭЭЛҮҮД Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө Германы олон ажилчид “Коммунист Манифесто”-г цааш нуухыг шаардаж байв. Энэхүү чин хүсэл нь 20-р зууны эхэн үеийн ажилчдын хөдөлгөөний зорилго, агуулгад гүн гүнзгий шингэсэн болоод уг бүтээл ямар хэмжээний үнэ цэнтэй байсны нотолгоо болж буй мэт. Марксын тухай анхлан суралцагчдад 1848 онд хэвлэгдсэн Коммунист Манифесто бүтээл нь хамгийн сайн эхлэл цэг байж магадгүй гэдэг нь ганцхан энэ шалтгаанаар л харагдаж байна. Түүхэнд өмнөх үед бичигдэж байгаагүй хамгийн алдартай, үр нөлөөтэй бүтээлүүдийн нэг учир танд яалт ч үгүй сайн лавлах болно. Насан туршийн хамтран зүтгэгч, үнэнч найз Фридрих Энгельстэй хамтран бичсэн зохиолын тэргүүн хувилбар дээр тулгуурлан Карл Маркс хэдхэн долоо хоногийн дотор бүтээлээ туурвисан бөгөөд Маркс, Энгельс нар ажилчин ангийн жижиг нам болох Коммунист Лигийн гишүүний хувиар уг намын үзэл баримтлалыг тунхаглах зорилготой байв. Хэдийгээр маш товчхон ч гэсэн олон утга санааг агуулсан юм. Тэрээр 1848 онд Европыг бүхэлд нь хамарсан хувьсгалын нөхцөл байдлыг илэрхийлж, Марксын бичсэн хамгийн алдартай мөрүүдийн заримыг, тэр дундаа номын тэргүүн бүлэгт "Хөрөнгөтөн ба пролетариуд"-ын талаар ингэж бичсэн байдаг: Эдүгээ хүртэлх бүх нийгмийн түүх бол ангийн тэмцлийн түүх байлаа. Чөлөөт иргэн боол хоёр, патриц плебей хоёр, эзэн хамжлага хоёр, цехийн мастер туслах мастер хоёр, нэг үгээр бол, дарлагч дарлагдагч хоёр үргэлжид харилцан харш байж ямагт бүх нийгмийг хувьсгалт ёсоор өөрчлөн байгуулах буюу тэмцэлдэгч ангиуд цугаараа сөнөж төгсдөг заримдаа далд, заримдаа ил үргэлжийн тэмцэлтэй байдаг байжээ. "Коммунист Манифесто" нь капитализмыг цэцэн цэлмэг үгсээр буруутгахын зэрэгцээ Марксын онолын хамгийн чухал хэсэг болох ангийн тэмцэл, түүхэн өөрчлөлтийн талаарх анализ төдийгүй ажилчин ангийн улс төрийн зохион байгуулалтын талаарх аргументыг тайлбарласан. Маркс улс төрийн өнөөгийн байдлыг ойлгож, орчин үеийн ертөнцийн нийгмийн тасралтгүй үргэлжлэх өөрчлөлтийг тодорхойлохыг зорьжээ. Ийм учраас тус бүтээлийг ахин дахин унших бүр шинэ санаа, шинэ сорилттой нүүр тулдаг байна. 1872 онд Маркс, Энгельс нар "Коммунист Манифесто"-д шинээр оршил бичиж, нэг томоохон нэмэлт оруулсан байна. Францын нийслэлийг бараг гурван сар эзэлсэн 1871 оны бослого болох Парисын коммуныг анхааралтай ажиглаж, ажилчин анги төрөөс илүү хүчирхэгжиж, капитализмын эсрэг зогсох боломж бага гэдэгт итгэж байлаа. Үүний үр дүнд коммун дарагдсаны дараахан “Франц дахь иргэний дайн”-д үзэглэсэн бичвэртээ капитализмд ажилчин ангиар удирдуулсан ардчилсан, улс төрийн алтернатив хувилбар бүхий нийгмийн институцийг бий болгох боломжтой гэж үзсэн юм. Маркс амьдралынхаа ихэнх хугацааг Лондон хотод цөллөгт өнгөрүүлсэн. “Франц дахь иргэний дайн” нь анхандаа олон орны социалист бүлэг, эвлэлүүдийн сүлжээ нэгдэн Нэгдүгээр Интернационалыг төлөөлөн олон нийтийн мэдэгдэл хийх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл төлөвлөгөө ёсоор ажилчдын байгууллагууд хамтын болон ардчилсан байдлаар улс төрийн эрх мэдлээ бүрдүүлж, дэлхийн өнцөг булан бүрд буй социалистуудад урам зоригийг бадраасан үйл хэрэг болжээ. Нэг үгээр бол “Франц дахь иргэний дайн” нь Марксын ардчилсан зохион байгуулалт, нийгмийг чөлөөлөх үзэл баримтлалын радикал үзэл санааны гэрч юм. Хэрвээ “Франц дахь иргэний дайн” нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байсан бол ерөнхийдөө шинээр байгуулагдсан Германы Социал Демократ Намыг ч хараандаа авах байсан аж. Маркс 1875 онд социалист хөдөлгөөний ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий “Готын хөтөлбөрийн шүүмжлэл” гэх бичвэрийг нийтэлж байв. Энэхүү богино бичвэрт Маркс өөрсдийгөө марксист гэж нэрлэдэг боловч түүний онолын гол агуулгыг буруу ойлгодог социалистуудыг эрс шүүмжилсэн байдаг. Үнэн хэрэгтээ, бид "Готын хөтөлбөрийн шүүмжлэл" номоос Марксын бусад бүтээлд дахин давтагдаагүй хэд хэдэн нандин санааг олж харах боломжтой. Хамгийн их алдаршсан санаа нь капитализмаас коммунизм руу шилжих тухай авч үзэж, социализм болон коммунизмыг хоёр өөр үе шат гэж үзэх ёсгүй гэж тэмдэглэсэн. Мөн социализм болон коммунизмыг капитализмын дараах нийгмийн шинэ хэлбэрийн хөгжлийн өөр өөр "үелэл" гэжээ. Маркс коммунист нийгэмд "хүн бүр чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж хэрэгцээнийхээ хэрээр хүртэх” ёстой гэсэн үндсэн уриа лоозонг баримталж байсан бөгөөд энэ нь коммунизмыг ойлгоход бага ч гэсэн туслах болов уу. Үйлдвэрлэл нь бөгөөд хамтын шийдвэрт тулгуурлан дахин зохион байгуулагдсан "хөрөнгөтний эрх мэдлийн хязгаарлагдмал давхарга"-аас давсан амьдралын хэлбэрийг санал болгож байв. Зөвхөн баялгийг дахин хуваарилах замаар нийгмийн тэгш байдлыг хангахын эрмэлздэг социалист болон бусад үзэл санаанд шүүмжлэлтэйгээр хандаж байсан бөгөөд коммунизмыг нь хувь хүн бүрийн харилцан адилгүй байдал болон хязгааргүй хэрэгцээг нэгдүгээрт тавьдаг радикал улс төрийн системийн хэлбэр хэмээн үзэж байв. Коммунизмын зорилго бол хувь хүн өөрсдийнхөө бүрэн чадавхаар цэцэглэн хөгжих эрх чөлөөтэй амьдралыг бүтээх явдал юм. Тэрээр эрх чөлөө болон ардчилал нь хөдөлмөрийн капиталист хэлбэрийг ялсан нийгмийн зохион байгуулалтыг шаарддаг гэж үзсэн. МАРКСЫН ЭХЭН ҮЕИЙН БҮТЭЭЛҮҮД Марксын ихэнх бүтээлүүд 1848 оноос өмнө философийн тухай өгүүлдэг байв. Залуу насандаа Маркс Германы философич Георг Вильгельм Фридрих Хегелийн үзэл санаанаас суралцаж, түүний тусгалын нэгээхэн хэсэг болж байв. 1831 онд түүнийг нас барсны дараа Герман дахь Хегелийн дагалдагчид хоёр урсгалд хуваагдсан бөгөөд тус бүр нь түүний өвийг тээгчид байлаа. Тодруулбал, "барууны Хегелчүүд" нь консерватив ба шашны философийг илэрхийлж, ардчиллын эсрэг Пруссын төрийг дэмжиж байв. Харин “зүүний Хегелчүүд” Хегелийн философийн шашны эсрэг хувилбарыг дэмжиж, улс төр, нийгмийн эрс шинэчлэлийг дэмжиж байв. Хэдийгээр Маркс шашин, улс төрийг эрс шүүмжилдэг тул зүүний Хегелчүүдийг дэмжих хандлагагатай байсан боловч хэзээ ч энэ лагерьт багтаж байгаагүй юм. Хамгийн гол нь тэрээр Хегелийн философийг гүн гүнзгий бөгөөд үнэнчээр судалсан сэтгэгч билээ. Хегел амьдралынхаа үлдсэн хугацаанд Марксын бодлыг төлөвшүүлэх, оюуны хувьд үндсэн нөлөө үзүүлсэн хэвээр байжээ. Энэхүү нөлөөллийн үр дүнд Марксын "эхэн үеийн" зохиолууд (ерөнхийдөө 1839-1845 он хүртэл үргэлжилсэн) Хегелийн өвөрмөц бөгөөд хүндхэн нэр томьёогоор маш их тэмдэглэгдсэн байдаг. Маркс орчин үеийн уруугаа харсан байдлын эсрэг өргөнөөр маргадаг. Энэ нь Марксын санааг бүрэн ойлгоход хүндрэл учруулдаг шалтгаан болдог аж. Гэсэн хэдий ч Марксын тэргүүн бүтээлүүдэд хүний мөн чанар, хүний үйл ажиллагаа болон хөдөлмөрөөс хүнийсэх тухай өвөрмөц онолууд тусгагдсан байдаг. Эдгээр бичвэрийг ойлгож, танихын тулд чанартай зохиолыг сонгох нь хамгийн чухал юм. Жишээлбэл, Дэвид МакЛелланы засварласан “Карл Маркс: Түүвэр зохиолууд” (1977), Роберт С.Такерийн засварласан "Маркс-Энгельсийн уншигч" (1978) зэрэг нь чанарын хувьд сайн бүтээлд тооцогддог. Харин Марксын аж, амьдралын эхэн үеийн нөхцөл байдлыг сонирхож байгаа бол Майкл Генрихийн “Карл Маркс ба орчин үеийн нийгмийн төрөлт” (2019) зэрэг чанартай намтар бүхий бүтээл эсвэл Питер Худисын “Капитализмын альтернатив үзлийн тухай Марксын концепц” (2012) зэрэг бүтээлээс Марксын санааны гол тайлбаруудыг унших нь илүү дөхөм юм. 1843 онд туурвисан "Еврейчүүдийн асуудалд" зохиол нь магадгүй хамгийн сайн эхэн үеийнх нь бүтээл байж болох юм. Уг бүтээл нь орчин үеийн улс төрийн нөхцөл байдлыг шүүмжилсэн учир Марксын хамгийн чухал бүтээлүүдийн нэгт тооцогддог бөгөөд өнөөг хүртэл ач холбогдол нь буураагүй байна. Энэхүү богино өгүүлэлдээ 1789 оны Францын хувьсгалын дараа ноёрхож, хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулж байсан либерализмын олон янз байдалд анализ хийсэн бөгөөд либерал хандлага тэгш эрхийг хамгаалж, улс төрийн эрхтэй иргэн байх тухайд чиглэдэг боловч орчин үеийн зах зээлийн бүтээж байгаа нүдэнд ил тэгш бус байдлын асуудлыг үл тоомсорлодог байна. Марксын тайлбарт иргэдийн эдийн засгийн хувийн амьдрал болон улс төрийн амьдрал хоёрын хооронд хоёрдмол салаа утга агуулагддаг. Хэдийгээр улс төрийн амьдрал эрх чөлөөтэй, оновчтой, тэгш эрхтэй мэт боловч бодит амьдрал дээр зах зээл болон хувийн өмч хөрөнгийн эрх мэдлийг капитал эзэмшигчдэд өгснөөр жинхэнэ мөн чанараа алдаж байгаа юм. Маркс улс төрийн эрх нэн шаардлагатай боловч хүний эрх чөлөөний нэгэн адил өргөжүүлж, түгээмэл буюу бүх нийтийнх болгох ёстой гэж үздэг. Бид эрх чөлөөг зохих ёсоор ойлгохын тулд хүний эрх чөлөөг төсөөлөх хэрэгтэй. Эдгээр ойлголтыг авсны дараа Маркс капитализм нь үйлдвэрлэл хийгээд хөдөлмөрийг хэрхэн зохион байгуулдаг тухай судлахад төвлөрсөн. Баялаг хаанаас бий болдог тухай ойлгохын тулд тэрээр Хегелийн хүнийсэл гэх ойлголтоос авахуулаад Адам Смит, Дэвид Рикардо зэрэг сонгодог эдийн засагчдыг шимтэн судалсан бөгөөд уг судалгааны явцад Маркс өөрийн санааг ойлгомжтой болгох үүднээс тэмдэглэл хөтөлдөг байжээ. Энэхүү тэмдэглэл нь 1930-аад онд дахин олдсоны дараа эдгээр дэвтрийг “1844 оны гар бичмэл” гэж нэрлэх болсон байна. Марксын 1844 оны зохиолдоо нь хөрөнгөтний улс төрийн эдийн засгийн тухай анхны томоохон аргументийг дэвшүүлсэн байдаг. Маркс капиталист нийгэмд хүн байх мөн чанарыг томьёолохыг хичээсэн бөгөөд капиталист нийгэмд хүн "хүнийссэн", "хөндийрсөн" байдалтай болдог гэж тодорхойлжээ. Капитализм нь бидний бүтээсэн зүйлээс хөндийрүүлэх болон аливаа үйл ажиллагаагаа хүн ухамсартайгаар удирдах явдлыг салган холдуулаад зогсохгүй, хамтын болон хувийн хөдөлмөрийн чадамжийн үр шимийг үгүйсгэдэг гэжээ. Бид цалин хөлсний төлөө хөдөлмөрөө ажил олгогчдод зарах үед бид юу хийх, юу үйлдвэрлэх, мөн нийгэм, байгаль орчны нөхцөл байдалд бидний хөдөлмөр хэрхэн нөлөөлөх хяналтаа алддаг. Марксын эхэн үеийн зохиолуудаас 1845 оны “Фейербахын тухай сэдвүүд” зохиолыг нэрлэхгүй байхын аргагүй. Энэхүү богино бичвэрт 11 төрлийн санааг иш татаж бичсэн байдаг. Жишээлбэл, “Философичид ертөнцийг гагцхүү янз бүрээр тайлбарласаар ирлээ; гол нь түүнийг өөрчлөх явдал юм" гэсэн өгүүлбэр магадгүй Марксын оюунаас төрөн гарсан хамгийн алдартай санаанд тооцогдох бөгөөд Маркс нөхцөл байдлыг бүрэн шийдвэрлэхийн тулд онол, практикийн хоорондох зөрчилдөөнийг илэрхийлэхийг оролджээ. Харамсалтай нь түүний санааг өөр өөрөөр тайлбарлаж, үндсэн мөн чанарыг алдагдуулсан юм. Тодруулбал, практик сэтгэлгээтэй олон марксистууд эрдмийн ажлын эхний хэсэгтээ философи нь урт хугацаанд хэрэгцээгүй тул үүний оронд бид идэвхтэй өөрчлөлт хийхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн байдаг. Үүний зэрэгцээ, олон академик уншигчид Марксын практикийн тухай онолын ач холбогдлыг судлах явцдаа түүний хувьсгалыг амжилттай болгох онолыг боловсруулах гэж оролдсоныг умартдаг. Харин 11 төрлийн санааг эш татсан бичвэрт онол практик хоёр гинжин холбоотой буюу бие биеэ нөхцөлдүүлдэг гэсэн юм. Тэрээр, “онолгүй практик сохор, практикгүй онол хүчгүй” гэжээ. КАПИТАЛ Марксын гол бүтээл болох “Капитал” руу ханцуй шамлах нь зүрхшээмээр хэрэг ч ингэж хүчин чармайлт гаргаж байгаа нь үнэлүүштэй гэмээр. Тэрээр “Коммунист Манифесто”-г тун хурдан бичсэн ч “Капитал”-ыг бичихэд бүх амьдралаа зориулсан гэлтэй. Эхлээд тэрээр зургаан боть ном гаргахаар төлөвлөж байсан ч нас ахих тусам эрүүл мэнд нь муудаж байсан учир дөрвөн боть болгох төлөвлөгөөг шинэчлэн боловсруулжээ. Зөвхөн тэргүүн ботийг нь амьд ахуйдаа буюу 1867 онд дуусгасан бөгөөд түүний бичиж үлдээсэн янз бүрийн тэмдэглэл, гар бичмэлүүдийн ачаар түүний үнэнч нөхөр, хамтрагч Энгельс Марксыг нас барсны дараа "Капитал"-ын дараагийн хоёр ботийг өвлөн гүйцээжээ. Эдийн засгийн онолын эгзэгтэй асуудлаар түүхийн дөрөв дэх боть болгон гаргах төлөвлөгөөтэй байсны дагуу Марксын насныхаа эцэст бичиж үлдээсэн багагүй гар бичмэл болон судалгааны тэмдэглэл нь хожим "Нэмүү өртгийн онол" нэртэйгээр хэвлэгджээ. Марксизмд мөн адил бүх хариултыг багтаах боломж хомс учир “Капитал” бүтээл бүрэн дуусаагүй ч юм шиг. Хэдийгээр эдийн засгийн ихэнх бүтээлийг уйтгартай хэмээн олонх уншигчид цааргалдаг ч Марксын “Капитал” зохиол нь ерөнхийдөө сонирхолтой (ядаж 1-р боть) бөгөөд түүний дэвшүүлсэн аргумент нь маш нарийн бүтэцтэй, мэргэжлийн түвшинд бичигдсэн байдаг. Капитализмыг нийгмийн харилцааны түүхэн цогц, нийгмийн амьдралын нэг хэлбэр гэж ойлгож эхлэхэд шаардлагатай ойлголтуудыг агуулсан нь хүн төрөлхтний хамгийн чухал ололт билээ. Эдгээр нийгмийн харилцааны бүтэц нь бидний амьдралыг бүрдүүлдэг хэдий ч байгалийн жам ёсоор бус, харин тодорхой түүх, эдийн засгийн тогтолцооны үр дүнд бүтсэн юм. Маркс "Капитал"-ын тэргүүн бүлгүүдэд капитализм бол үндсэндээ бараа таваар үйлдвэрлэл ба арилжаа хоёроор тодорхойлогддог гэж үзсэн. Тэрээр бараа таваарыг "өртөг" гэсэн үгээр тайлбарласан бөгөөд аливаа зүйл бараа таваар гэгдэхийн тулд хэн нэгний хэрэгцээг хангахад хэрэг болох ёстой. Гэсэн хэдий ч бараа таваарыг зөвхөн хэрэглээгээр нь тодорхойлдоггүй, харин зах зээл дээр бараа таваар болгон худалдсанаар нь үнэлдэг. Жишээлбэл, найз нөхдөдөө зориулж хийсэн хоол нь хүний анхдагч хэрэгцээг хангах нь гарцаагүй, гэхдээ энэ бол бараа таваар биш юм. Учир нь бараа таваар нь "арилжааны өртөг"-тэй байх ёстой бөгөөд тэдгээр өртгийг мөнгөн дүн болгон илэрхийлдэг юм. Үүнийг ойлгохын тулд Маркс капиталист нийгэмд баялаг яагаад өртгийн хэлбэрээр гарч ирдэг, мөнгөөр илэрхийлэгдсэн нийгмийн харилцаа болоод энэ өртөг хэрхэн бүрддэг талаар асуулт тавьсан. Капитализм хүний ажиллах хүчийг бараа таваар гэж үздэг нь дээрх асуултын хариултын нэг хэсэг нь мөнөөс мөн. Ажиллах хүчний арилжааны өртгийг цалин хөлсөөр хэмждэг. Үүний зэрэгцээ хөдөлмөр ашиглалтын өртгийг ажлын өдрийн турш зах зээл дээр худалдах бараа таваар үйлдвэрлэхэд зарцуулдаг. Энэ бол нэн чухал хэрсүү ойлголт бөгөөд Марксын мөлжлөгийн онолын суурь асуудал юм. Яг үнэндээ ажлын өдрийн турш ажиллаж байгаа бидний хөдөлмөр нь бидний ажиллах хүчинд төлж байгаа цалин хөлсөөс хавь илүү өртгийг бий болгодог. Хэдий ажилласны хариуд авч байгаа цалин хөлс нь шударга мэт боловч бидний ажлын цаг нь бидний цалин хөлсөөс илүү өртгийг шинээр үйлдвэрлэж байдаг, өөрөөр хэлбэл бид хөдөлмөрөөрөө өртөг шингээж гаргасан бүтээгдэхүүн, зарцуулсан цагтайгаа тэнцэхүйц цалин хөлс авдаггүй. Үүнийг “нэмүү өртөг” гэх бөгөөд энэ нь үйлдвэрлэлд шаардлагатай машин техник, газар, түүхий эдийг өмчлөн эзэмшдэг капиталистуудын халаасанд ордог. Энэ үйл явцыг бодолцож үзвэл, капиталистууд хоорондын өрсөлдөөн нь зөвхөн шуналын асуудал биш, харин капиталист нь өртгийн ачаар оршин тогтнож, түүнийгээ хуримтлуулах тасралтгүй хэрэгцээтэй байдаг гэдгийг ойлгоход илүү хялбар болно. Марксын хэлсэн, өртөг нь физиологи буюу биеийн хөдөлмөрийн үйлдэл бүрээр тодорхойлогдох бус, харин хүний хөдөлмөрийг "нийгмийн зайлшгүй шаардлагатай ажиллах цаг"-тай тэнцэтгэдэг бөгөөд хөдөлмөрийн үйл ажиллагааг хийсвэр, бараа таваарыг өртөг болгодог нийгмийн үйл явцаас үүсдэг гэсэн нь маш чухал үндэслэл юм. Ингээд зөвхөн бараа таваарыг худалдах нь тэдний нийгмийн өртгийг баталгаажуулдаг тул энэ үйл явц нь зайлшгүй арилжаа шаарддаг. Бараа таваар, мөнгө, капитал нь өртгийн үндсэн хэлбэрт хэрхэн тодорхой үүрэг гүйцэтгэдэг болохыг Маркс бидэнд тайлбарлаж өгсөн. Эдгээр эдийн засгийн хэлбэрүүд нь Марксын хувьд цалин хөлсний төлөө хөдөлмөрөө худалдагч хүмүүсийг хүнийсгэх зэрэг хөдөлмөрийн үйл ажиллагаанаас хамааралтай бүх нийгмийн харилцаа болдог. Үүний үр дүнд хүн гэдэг өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс ч үнэгүй болж, хүн ба хөдөлмөр нь хоёр тусдаа зүйл болж, бүтээгдэхүүн нь хүн шиг, заримдаа хүнээс ч илүү бие даасан зүйл болж хувирдаг. Зах зээл нь хүнийг зөвхөн бараа таваар худалдан авагч, худалдан зарагч гэсэн цэвэр эдийн засгийн чиг үүрэгтэй болгож, нэг ёсондоо хүн байхыг үгүй хийж байна. Энэ үзэгдлийг Маркс “Капитал”-даа "фетишизм" гэх нэр томьёогоор илэрхийлдэг бөгөөд уг ойлголтоор бараа таваар, мөнгө, капиталыг анализчилсан. Эдгээр социал хэлбэрүүд нь капиталист нийгэмд эзэн биегүй, хаа сайгүй, ноёрхлоо тогтоосон буюу хүчний харилцаагаар илэрдэг. “Капитал” зохиол бол бүхэлдээ эдийн засгийн онолын шүүмжлэл гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Марксын ололт бол өртөг нь өөрөө амьдралын түүхэн хэлбэр бөгөөд эцсийн эцэст өөрчлөгдөх болно гэдгийг илэрхийлсэн явдал юм. Капиталист нийгмийн харилцаа нь жам ёсных биш, харин түүхийн бүтээгдэхүүн гэдгийг харуулснаараа капитализм зайлшгүй хямрал, эсэргүүцэлтэй тулгарч нуран унана. Тиймээс нийгмийн өөрчлөлт нь боломжтой бөгөөд зайлшгүй гэсэн санааг илэрхийлжээ. МАРКСЫГ УНШИЖ БУЙ ЭРХЭМ НӨХДӨД Марксын бүтээлийг бусдын тусламжтайгаар унших нь үргэлж үр өгөөжтэй байдаг бөгөөд уншигчдын группийн гишүүд , хамтран ажиллагчид, эрхэм анд нөхөртэйгөө хамтран унших нь түүний үзэл санааг зөвөөр ойлгоход тустай. Марксын номыг ойлгох нь эхэндээ бодож байсан шиг хэцүү биш ч бусад агуу сэтгэгчдийн нэгэн адил түүний бүтээл маш их ач холбогдолтой байдаг. Марксын "Капитал" зохиолыг уншиж буй хэн бүрд зориулан "Шинжлэх ухаанд хүрэх хаант зам гэж байдаггүй, түүний өөдөө эгц замд ядрах авиралтаас айдаггүй хүн л гэрэлт оргилд хүрэх боломжтой" гэж анхааруулсан бөгөөд хүрч чадах оргил хүртлээ Марксыг уншсанаар орчин үеийн ертөнцөд өрнөж буй үйл явдлыг шинжлэхэд нэн тустай. Өөрчлөлтөөр бидний амьдралын замыг гэрэлтүүлэхийн тулд насан туршдаа эрх чөлөө, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай зүтгэсэн түүнд талархаад баршгүй билээ.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%