Улаанчулуутаас Улс төрийн эрхээ эдлэх боломж

image

 

Та өөрийгөө баян гэж боддог уу? Ядуу гэж боддог уу? Өнөөдөр орлого нь наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй, төрөөс олгодог тэтгэмжээс хараат болчихсон, гудамжнаас амьдралаа хайдаг, хоосон хонодог хэдэн хүн байгаа бол оо?

Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ  эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй.[1] Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан хүн бүр энэ хэрэгцээгээ хангадаг уу? Энэ заалтыг хангах үүргийг хэн хүлээдэг вэ? Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын фактад нэгдэн орсныхоо хувьд дагаж мөрдөх ёс зүйн үүргийг МУ-н төр хүлээдэг. Тэгвэл төр ёс зүйтэй юу?

            Ядуурал бол хүний эрхийн зөрчил мөн.

Үүнээс гадна хүний нэр төртэй амьдрахад зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, эрүүл ахуйн наад захын стандартыг хангасан цэвэр ус гэх мэт, ахуйн орчин, бие махбодийн аюулгүй байдал, үзэл бодлоо илэрхийлэх зэрэгт хүрэх боломжоор хязгаарлагдмал байдаг.

Дэлхийн банкнаас 1.25 ам доллараас бага хүнсний хэрэгцээгээ хангаж байвал үүнийг хэт ядуурал гэнэ.[2] Төгрөгөөр тооцвол 2400 төгрөгөөр өдрийн хоолоо залгуулж байна гэсэн үг. Үүнээс ч дор амьдралтай хүмүүс бий. Энэ бол зөвхөн хүнсний хэрэгцээ. Орон байр, хувцас хунар, мэдээллийн хэрэгцээ гээд хүний хэрэгцээ хязгааргүй.

Ядуурлыг бий болгодог шалтгаан нь бүгд төрөөс хамааралтай байдаг.

  1. Өр зээл
  2. Үндэсний засаглал
  3. Наад захын хэрэгцээгээ хангах чадваргүй байдал
  4. Таатай боломжуудад хориг саад тавих

Манай улсын төр гадаадын зээл тусламжинд ихээхэн дуртай хэрнээ ашигтай санал, таатай боломжуудыг үзэн яддаг хөөж явуулдаг. Ядуу орнууд зээл аваад ядууралтай тэмцэнэ гэдэг ямар ч үр дүнгүй гэдгийг дэлхий нийтийн практикаас харж болно. Таатай боломжуудад хориг саад болдог зүйлс гэвэл дайн дажин, улс төрийн тогтворгүй байдал, хүнд суртал юм. Гадааддаа ч дотооддоо ч энх тайван улсад улс төрийн тогтворгүй байдал нь таатай боломжуудад хориг саад болдог. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэсэг үг. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх дайн гэмгүй олныг ч хөлдөө чирдэг уршиг өнөөдөр харагдаж байна.

Хамгийн энгийнээр хэлэх юм бол эрхээ эдлэх боломж эдийн засгийн чадамж, хувийн өмчийн зүйлсээс шууд хамаатай. Ядуу гэр бүлд төрсөн хүүхдэд сурч боловсрох эрх байдаг уу? Үгүй. Хүүхэд сургуульд өмсөх хувцас, хичээлийн хэрэглэл зэргээс авхуулаад хүндрэл гарна. Хичээл дээрээ очсон ч гэсэн хамт олон дунд нэр төртэйгөөр хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Ингээд өөрийг нь хүлээн зөвшөөрдөг бүлэгт сайн дураар нэгддэг. Тэр бүлэг гудамжинд л байдаг. Ядуурал нь хүний үндсэн эрх, нэр төртэй амьдрах эрхийг боймилж байдаг.

Эрхээ худалдах нөхцөл

Хог түүж амь зуудаг хүн төрийн хэрэгт төдий л анхаардаггүй. Төр юу хийдэг, ямар бодлого явуулж байгааг мэдэх ч боломжгүй юм. Суурь боловсрол эзэмшээгүй тэр ч байтугай бичиг үсэг тайлагдаагүй хүн сонгуулийн боловсролтой гэвэл эндүүрэл. Сургуульд орсон хүүхдүүдийн гуравны нэг нь нийгэм, эдийн засгийн шалтгаанын улмаас сургуулиа орхидог. Дөрвөн жилд нэг удаа эдэлдэг сонгох эрхээ ухаалгаар хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Сонгогдох эрхээ эдлэх бол бүр зүүдэнд ч оромгүй зүйл. Ард иргэдийн хязгаарлагдмал хэрэгцээ ядуурлыг улс төрчид ч гарамгай ашигладаг. Улс төр, бизнесийн бүлэглэл хүмүүсийг боловсрол эдийн засгийн чадамжаар нь шалтаглаж саналыг нь худалдаж авах ятгалга, ухуулгын аргаар өөрсдийн талд авдаг.

  1. Гудамжинд мөнгө тарааж эрхийг нь худалдаж авах. Энэ бол хууль бус аргаар эрх мэдэл шилжүүлж авах гол арга юм. Сонгуулийн үеэр бэлэн мөнгө тараадаг үйл явц өнгөрсөн сонгуулийн бодит жишээ юм.
  2. Гудамжинд гарах нөхцлийг нь бүрдүүлэх. Энэ нь хүмүүсийг ядууралд хөтөлж төрөөс хараат, тэжээлгэх сэтгэл зүйг төрүүлэх. Ард олон ядуу байх нь улс төрчдийн хувьд ашигтай байдаг. Хувийн сектороос татсан мөнгөө тарааж, нийгмийн халамжийн үйлцилгээ сайжруулах амлатыг өгдөг. Амьдралын наад захын хэрэгцээгээ хангах шаардлагтай хүмүүс нийгмийн халамжийн үйлцилгээнд ихээхэн дуртай байдаг. Бүр төрийн эрх барьж буй хүмүүс тэр мөнгийг өгч байна гэсэн төөрөгдөлд хүрдэг. Айлгаж, хүчирхиилж бус угжиж, тэжээж өөрсдийн хамааралд авах нь тэжээлгэх сэтгэлгээнээс боолчлогдох сэтгэлгээнд хүргэдэг.

Энд зарим хэсэг нь хорин мянган төгрөгөөр эрхээ худалдаж байхад зарим нэг нь сонгуулийг дэмий зүйл гэж үздэг. Ямар нэгэн байдлаар оролцохгүй. Мөн хамгийн аймшигтай нь ядуу бүлгийн хүмүүс төрөөс өгч байгаа тэтгэмж, тэтгэлгийг улс төрчдийг өгч буй хэмээн гэж ярьдаг. Татвар төлөгчдийн мөнгийг хамгийн буруугаар хуваарилж ч байж болно.

            Ядуурал хүний эрхийн зөрчил мөн. Тэгвэл хүний эрхийг хэн хамгаалах үүрэгтэй вэ? Хэн бүх нийтийг хамарсан бодлого тодорхойлдог вэ? Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ яах вэ?         

 

 

[1] Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, 25 дугаар зүйл

[2] Майкл Совей “Дэлхийн ядуурал”, Австралын Хамтын Ажиллагаа-Үнэдсний байгууллагын Консерциум

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%